Home Нийгэм ₮900 тэрбумын өртөг бүхий Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

₮900 тэрбумын өртөг бүхий Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Гашуунсухайт-Ганцмодын

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлт өнөөдөр болж, холбогдох томоохон гэрээнүүдэд гарын үсэг зурлаа. Үүнд хил дамнасан төмөр зам барих тухай хэлэлцээр, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ, мөн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны ерөнхий гэрээнүүд багтсан байна.

Энэхүү төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах бөгөөд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын үргэлжлэл юм. Төсөл нийт 900 орчим тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр таван багц ажил болгон хэрэгжихээр төлөвлөгдсөн. Газрын байршлын онцлогоос шалтгаалан замын тодорхой хэсэгт 30 метр орчим өндөр гүүрэн байгууламж баригдахаар төлөвлөгджээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан энэ үеэр хэлэхдээ:

“Уул ус, газар шороо, олон мянган жилийн түүхээрээ холбоотой мөнхийн хөрш БНХАУ-тай манай улс Замын-Үүд–Эрээн боомтуудыг төмөр замаар холбосноос хойш 75 жилийн дараа дахин шинэ хилийн боомтыг төмөр замаар холбож байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төсөл 20 орчим жил яригдсан бөгөөд төслийг ажил хэрэг болгох итгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд надад хүлээлгэсэн билээ” хэмээн онцоллоо.

Мөн тэрбээр Монгол, Хятадын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих энэхүү төсөл нь зөвхөн дэд бүтцийн хөгжилд төдийгүй, нүүрсний экспортын өсөлтөд чухал нөлөө үзүүлэхийг тэмдэглэсэн юм.

Төмөр зам ашиглалтад орсноор экспортын тээврийн хэмжээ жилд 30 сая тонн давж, Тавантолгойн ордын нүүрсний экспортын боломжийг жилд 70 сая тонн хүртэл өсгөх боломжтой гэж үзэж байна. Үүнтэй уялдуулан нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэх тооцоолол гарчээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.