Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт — төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ түүхэн үйл явдлыг тэмдэглэн Монголбанк 1 унцын алт болон мөнгөн “1 Төгрөг” дурсгалын зоосыг албан ёсоор худалдаанд гаргалаа. Тус зоос нь технологийн хувьд smartminting ultra high relief буюу ухаалаг, өндөр рельефтэй аргаар үйлдвэрлэгдсэн бөгөөд түүхэн үнэ цэнэ, цуглуулгын чухал эд зүйл болоод байна.
Энэхүү дурсгалын зоосыг Монголбанк нь Эрдэнэсийн сангийн тухай хууль болон Улсын Их Хурлаар батлагдсан сэдвийн хүрээнд гаргаж байгаа бөгөөд 1925 онд гүйлгээнд гарсан мөнгөн зоос, цаасан дэвсгэртийн анхны загвар дээр үндэслэн бүтээжээ. Зоосны жин 1 унц (31.1 гр), диаметр нь 33 мм, сорьц нь 999.9 цэвэр алт, мөнгөнөөр хийгдсэн байна.
Монголын мөнгөн тэмдэгтийн түүх нь Их Монгол Улсын үед холбогдох хаадын алт, мөнгө, зэс зоос, мөн XVII–XX зууны эхэн үеийн цай, ембүү зэрэг солилцооны хэрэгсэл, 1921 оны Богд хааны зарлигаар гаргасан “Бага болзоот” улсын зээллэгээ, Ардын засгийн газрын “Данзангийн доллар”, мөн 1924 онд байгуулагдсан Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Банкны анхны цаасан болон зоосон мөнгөн тэмдэгтүүд зэрэг олон түүхэн баримтад үндэслэсэн өргөн хүрээтэй хувьслаар дамжин хөгжжээ.
1925 оны 12-р сарын 9-нд 900 сорьцтой, 18 грамм жинтэй анхны “Нэг төгрөг”-ийн зоос, түүнчлэн долоон төрлийн цаасан мөнгөн тэмдэгт гүйлгээнд нэвтрүүлснээр Монгол Улс бие даасан төлбөрийн хэрэгслээ албан ёсоор хэрэглэж эхэлсэн билээ. Энэ нь Монголын санхүүгийн системд тулгуур багана болсон онцгой үйл явдал байв.
Иргэдэд мөнгө, зоосны талаарх мэдлэгийг түгээх, түүхэн үнэ цэнийг сурталчлах үүднээс Монголбанкнаас шинэ үзэсгэлэнгийн танхим нээн ажиллуулж байна. “Төгрөг 100” үзэсгэлэнгийн танхим нь залуус, хүүхдүүд болон нийт олон нийтэд зориулсан бөгөөд энд:
- Мөнгөн тэмдэгтийн тоног төхөөрөмж
- Зоос, дэвсгэртийн хэв
- Нууцлалын элементүүд
- Алт жинлэх хэрэгслүүд
- 1925 оны үнэн сонин зэрэг ховор эд өлгийн зүйлсийг дэлгэн үзүүлж байна.
Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж буй энэхүү түүхэн ач холбогдолтой дурсгалын зоосны талаар дэлгэрэнгүй мэдээллийг erdenesiinsan.mn цахим хуудаснаас авах боломжтой юм.