Украин, Оросын хооронд гурван өдрийн турш үргэлжилсэн олзны хүмүүсийн томоохон хэмжээний солилцоо Ням гарагт дуусаж, нийт 1,000 хүн харилцан солигдсон тухай албаны эх сурвалжууд мэдээллээ.
Энэхүү ажиллагааны сүүлчийн шат болох 303 хүний солилцоо өчигдөр явагдсаны дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский сошиал хуудаснаа мэдэгдэл хийж, “Өнөөдөр манай Зэвсэгт Хүчин, Үндэсний Гвард, Хил Хамгаалалтын Алба, Төрийн Тусгай Тээврийн Албаны дайчид гэртээ харьцгаалаа. Солилцоог амжилттай хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй ажилласан хүмүүст талархал илэрхийлье. Бид Оросын олзонд байгаа өөрийн хүн бүрийг буцааж авах нь гарцаагүй” хэмээн онцлон бичжээ.
Талуудын хооронд энэ удаагийн солилцоог тохиролцсон уулзалт тавдугаар сарын 16-нд Туркийн Истанбул хотод болсон бөгөөд Украины түүхэнд хамгийн олон энгийн иргэнийг хамруулсан олзны хүмүүсийн солилцоо болсон гэдгээрээ онцлогтой байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам ч мөн тус ажиллагааны талаар албан ёсоор мэдээлэл хийж, “Истанбул хотод тавдугаар сарын 16-нд тохиролцсон Орос-Украины хэлэлцээрийн дагуу олзны 1,000 хүнийг 1,000 хүнээр солилцож дууслаа” гэж зарласан юм.
Тухайн солилцооны хүрээнд Украины тал 2022 оны Мариуполийн бүслэлтийн үеэр Оросын армийн эсрэг тулалдаж байсан 70 иргэнээ эргүүлэн авч чадсан нь энэ удаагийн ажиллагааны нэг чухал үр дүн байв.
Энэхүү үйл явдлыг тойрсон олон нийт, шинжээчдийн дунд эхний өдөр буюу Баасан гарагт солилцоо эхэлмэгц хоёр тал байлдааны гал зогсоох тухай түр тохиролцоонд хүрч магадгүй гэсэн хүлээлт үүсч байсан ч амралтын өдрүүдэд нөхцөл байдал хурцадсан хэвээр байлаа.
Ням гарагт Оросын тал Украины хотууд руу олон тооны нисгэгчгүй онгоцоор дайралт хийж, энэ халдлагын улмаас 12 иргэн амиа алдаж, олон хүн шархадсан тухай Украины тал мэдээлэв. Энэ нь талуудын хооронд олзны хүмүүсийг солилцох ажиллагаа хийгдэж байх үед ч байлдаан бүрэн зогсоогдоогүйг харуулж байна.