Бельги улсын Гентийн Их сургуулийн эрдэмтэд 10,500 жилийн өмнө өнөөгийн Бельгийн нутаг дэвсгэрт амьдарч байсан нэгэн эмэгтэйн төрхийг түүний ДНХ-ийн шинжилгээнд тулгуурлан дахин бүтээжээ. Судалгааны багийн мэдээлснээр энэ бүсгүй мезолитын буюу дунд чулуун зэвсгийн үед амьдарч байсан бөгөөд тухайн үеийн хүмүүсийн талаарх өнөөгийн ойлголтыг өөрчилж мэдэхүйц үр дүн гарсан байна.
Сэргээн бүтээсэн эмэгтэйн царай төрх нь тухайн үеийн Баруун Европын хүмүүсийн нийтлэг төрхөөс ялгарах онцлогтой байжээ. Тэрбээр цэнхэр нүдтэй, арай цайвар арьстай байсан бөгөөд ингэснээр тухайн цаг үед арьсны өнгө, төрхийн хувьд олон янз байсныг баталсан хэмээн “Мезолитын үеийн Бельги” төслийг ахалж буй археологич Изабел Де Грут онцолсон юм. Түүний хэлснээр өмнөх судалгаанууд Европын эртний оршин суугчдыг нэг төрлийн генетикийн бүлэгт хамааруулж ирсэн ч энэхүү нээлт үүнийг няцааж байна.
Де Грут “Гавлын ясны хэлбэрээс харахад тэр 35-60 насны хооронд байсан. Өндөр хамрын гүүртэй, хөмсөгний хэсэг гүн зангилаатай байсан нь түүнийг тухайн үеийн Чеддарын хүнтэй төстэй болгож байв” хэмээн ярьжээ.
Энэхүү эмэгтэйн араг яс 1988-1989 онд Бельгийн Динант хотын ойролцоох Маргаусын агуйд хийгдсэн малтлагаар илэрч, нийт найман эмэгтэйн хамтаар олдсон байна. Ерөнхийдөө мезолитын үеийн булшнуудад эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн үлдэгдэл холилдсон байдаг бол энэ тохиолдол зөвхөн эмэгтэйчүүд байснаараа ховор нээлт хэмээн тэмдэглэжээ.
Булш байрлаж байсан агуйг олон зууны турш дахин дахин ашиглаж байсан шинж тэмдэг илэрсэн бөгөөд тухайн үеийн нүүдлийн анчин-түүгч амьдралын хэв маягтай хүмүүсийн хувьд энэ нь тэдний буцаж ирдэг дурсамжит газар байсан гэж үзжээ.
Судалгаанд оролцсон археологич Филипп Кромбе “Эмэгтэйн арьсны өнгө өмнөх төсөөллөөс зөрүүтэй байсан. Баруун Европын энэ үеийн хүмүүс ижил генетикийн бүлэгт багтдаг гэж үздэг байсан учир ийм үр дүн гарна гэж бодоогүй. Цаашид судалгаагаа өргөтгөхөд улам олон онцлог шинжүүд илэрнэ гэж найдаж байна” хэмээн хэлсэн юм.
Дээрх гавлын яснаас маш сайн чанарын ДНХ-ийн дээж авсан нь эрдэмтдэд эмэгтэйн нарийвчилсан төрхийг бүтээх боломж олгожээ.
Мезолитын үеийн хүмүүс бол Баруун Европ дахь сүүлчийн анчин-түүгчдийн бүлэг бөгөөд байгалиас олдсон зэрлэг ан, ургамалд тулгуурлан нүүдэллэн амьдардаг байжээ. Одоо судлаачид уг булшинд оршиж байсан хүмүүсийн хоорондын хамаарал, хэрэглэж байсан хүнсний тухай судалгаа хийхээр төлөвлөж байна.

1 comment
Маш сонирхолтой! Шинжлэх ухаан хэзээ ч нээлтээрээ гайхшруулдаг