АНУ-ын иргэн Тим Фриде сүүлийн 18 жилийн хугацаанд 200 гаруй удаа могойд хазуулж, аюултай 700 төрлийн могойн хорыг зориудаар өөрийн судсанд тарьснаар могойн хорын эсрэг онцгой дархлаатай хүн болсон байна.
Анх тэр могойтой аюулгүй харьцах зорилгоор дархлаа бий болгох туршилтаа эхлүүлжээ. Гэвч одоо түүний цуснаас олон төрлийн могойн хорыг саармагжуулах эсрэг бие гарган авах боломжтой болсон талаар эрдэмтэд мэдээлсэн байна.
Судалгааны ололт:
- Фридегийн цуснаас авсан эсрэг биеийг амьтанд туршихад амжилттай болсон.
- ДЭМБ-ын тодорхойлсон дэлхийн хамгийн аюултай 19 төрлийн могойн хорыг саармагжуулах туршилтад оруулжээ.
- Туршилтын үр дүнд эсрэг бие 13 могойн хорыг бүрэн, 6 могойн хорыг хэсэгчлэн хамгаалж чадсан байна.
Centivax биотехнологийн компанийн гүйцэтгэх захирал Жэйкоб Гланвилл:
“Дэлхий дээр олон төрлийн могойн хорыг нэгэн зэрэг саармагжуулах чадвартай цустай хүн байгаа гэдгийг мэдмэгц би шууд холбоо барьсан. Эхний удаа залгахдаа ‘энэ нь эвгүй сонсогдож магадгүй, гэхдээ би таны цусыг авмаар байна’ гэж хэлсэн” хэмээжээ.
Ирээдүйн төлөв:
Centivax болон Колумбын их сургуулийн эрдэмтэд хамтран энэ эсрэг биеийг илүү боловсронгуй болгож, хамгаалалтын хүрээг өргөжүүлэх зорилготой ажиллаж байна.
Профессор Питер Квон (Колумбын их сургууль):
“Миний бодлоор ойрын 10-15 жилд бид бүх төрлийн могойн хорын эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн гарган авч чадна” гэж мэдэгдэв.
Тим Фриде:
“Би хүн төрөлхтний төлөө ийм зүйл хийж чадсандаа баяртай байна. Өөрөөрөө бахархаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Дэлхийн хэмжээний асуудал:
Жил бүр дэлхий даяар 140,000 орчим хүн могойд хазуулсны улмаас амиа алддаг. Одоогоор зарим төрлийн хорыг саармагжуулах эм байдаг ч бүх төрлийн хорыг нэгэн зэрэг хамгаалах арга хараахан гаргаагүй байна.