2025 оны Энхтайвны Нобелийн шагналын эзэн — Мариа Корина Мачадо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Мария Корина Мачадо

Норвегийн Нобелийн хороо 2025 оны Энхтайвны Нобелийн шагналын эзнийг зарлалаа. Энэхүү нэр хүндтэй шагналыг Венесуэлийн сөрөг хүчний улс төрч, ардчиллын төлөө тэмцэгч Мариа Корина Мачадо Париска хүртлээ. Тэрээр “Венесуэлийн ард түмний ардчилсан эрхийг хамгаалах тасралтгүй үйл хэрэг болон дарангуйллаас ардчилал руу шударга, энх тайвны замаар шилжихийн төлөө тэмцсэн гавьяа”-аараа энэхүү шагналд тодорсон гэж Нобелийн хороо мэдэгджээ.

Мариа Корина Мачадо — Венесуэлийн ардчиллын бэлгэ тэмдэг

Мариа Корина Мачадо бол Венесуэлийн улс төрч, нийгмийн зүтгэлтэн, “Sumate” нэртэй сонгуулийн хяналт, боловсролын байгууллагын үүсгэн байгуулагч юм. Тэрээр 2011–2014 онд Венесуэлийн Үндэсний ассамблейн гишүүнээр ажиллаж, 2012 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байжээ.

Тэр 2014 онд Николас Мадурогийн дэглэмийн эсрэг жагсаалыг удирдсан гол хүмүүсийн нэг бөгөөд энэ шалтгаанаар 2023 онд Венесуэлийн эрх баригчид түүнийг 15 жилийн хугацаанд төрийн алба хаших эрхээс нь хассан байна.

Мачадо 1967 оны 10-р сарын 7-нд Каракас хотод төрсөн. Тэрээр инженер, санхүүгийн чиглэлээр боловсрол эзэмшсэн бөгөөд 1990-ээд онд хүүхэд хамгааллын “Атенеа” санг байгуулж байв. 2010 онд парламентын сонгуульд ялалт байгуулсан ч 2014 онд эрх баригчид түүнийг албан тушаалаас нь хассанаар сөрөг хүчний гол дуу хоолой болсон юм.

2023 онд тэр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшсэн ч хориглогдсон, үүний дараа тэрээр сөрөг хүчний нэр дэвшигч Эдмундо Гонсалес Уррутяг дэмжиж, ардчиллын төлөө тэмцлээ үргэлжлүүлсэн.

Нобелийн энхтайвны шагналын онцлог

Энэхүү шагнал нь Шведийн зохион бүтээгч Альфред Нобелийн (1833–1896) гэрээслэлийн дагуу бий болсон бөгөөд жил бүр дэлхий дахины энх тайван, хүний эрхийн төлөө тэмцэгчдэд олгодог. Шагналын эзэн алт медаль, диплом болон 11 сая швед крон (ойролцоогоор 1.05 сая ам.доллар)-ын мөнгөн урамшуулал авдаг.

Энэ онд нийт 338 нэр дэвшигч байсны 244 нь хувь хүн, 94 нь байгууллага байжээ. Нэр дэвшигчдийн жагсаалтыг 50 жилийн турш нууцалдаг бөгөөд өөрийгөө нэр дэвшүүлэхийг хориглодог.

Өнгөрсөн жил шагналыг Японы Nihon Hidankyo — Хирошима, Нагасакийн атомын бөмбөгдөлтийн хохирогчдыг нэгтгэсэн байгууллага — “цөмийн зэвсэггүй дэлхийн төлөөх олон жилийн тэмцэл”-ээр хүртэж байсан юм.

Трампын амжилтгүй оролдлого

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ шагналд нэр дэвшихийг идэвхтэй хүсэж, “би долоон дайн зогсоосон” хэмээн мэдэгдэж байв. Гэвч Нобелийн хороо энэ жил түүнийг үл тоомсорлон, Венесуэлийн ардчиллын төлөө тэмцэгчийг шагналд тодрууллаа.

2025 оны Нобелийн долоо хоног

  • Физикийн шагнал: Жон Кларк, Мишель Деворе, Жон Мартинис — квантын туннелийн судалгаанд
  • Химийн шагнал: Сусуму Китагава, Ричард Робсон, Омар Яги — металл-органик каркасын бүтцийн нээлтээр
  • Утга зохиолын шагнал: Ласло Краснахоркаи — “апокалипсисийн дунд урлагийн хүчийг нотолсон” уран бүтээлээр
  • Эдийн засгийн шагнал: 10-р сарын 13-нд зарлагдана

Шагнал гардуулах ёслол 2025 оны 12-р сарын 10-нд Осло хотод болох юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй