Table of Contents
Монгол орны нэгдүгээр сар нь түүхэндээ хамгийн хүйтэн саруудын нэгд тооцогддог бөгөөд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар агаарын температур -30 хэмээс доош унах нь хэвийн үзэгдэл юм. Өнгөрсөн түүхийг сөхвөл 2011 онд түүхэн дэх хамгийн хүйтэн нэгдүгээр сар тохиож байсан бол 2015 онд эсрэгээрээ хамгийн дулаан өдрүүд бүртгэгдэж байжээ. Ирэх 2026 оны хувьд хур тунадасны хэмжээ Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар олон жилийн дунджаас ахиу орох магадлалтай байна.
Бүс нутгийн цаг агаарын төлөв байдал
Бүс нутгаар авч үзвэл Зүүн аймгуудын нутгаар сарын турш хүйтэн жиндүү байж, нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөв гарчээ. Төвийн бүсийн хувьд Өвөрхангайн өмнөд хэсгийг эс тооцвол ихэнх нутгаар дунджаас илүү хүйтэн байх бол Төв аймгийн зүүн хэсгээр цас ахиу орох төлөвтэй байна.
Харин Баруун болон Говийн аймгуудын өмнөд болон баруун хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байх боловч Завхан, Баянхонгор, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр хүйтний эрч чанга хэвээр байна. Хур тунадасны хувьд баруун аймгуудын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага цас орох төлөвтэй байгаа бол бусад нутгаар хэвийн хэмжээнд байх ажээ.
Сарын доторх цаг хугацааны өөрчлөлт
Нэгдүгээр сарын цаг агаар арав хоног тус бүрээр харилцан адилгүй өрнөнө. Сарын эхний арав хоногт агаарын температур ихэнх нутгаар дунджийн орчим байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд үеэс эхлэн хүйтний эрч эрс чангарч, хоёрдугаар арав хоногийг дуустал ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-5 хэмээр илүү хүйтэн байх төлөвтэй.
Энэхүү хүйтэн үе гуравдугаар арав хоногийн эхэн үе хүртэл үргэлжлэх бөгөөд зөвхөн сарын сүүлч буюу гуравдугаар арав хоногийн төгсгөлөөр хүйтний эрч суларч, дунджаас бага зэрэг дулаарах төлөв ажиглагдаж байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн зарим хугацаанд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Тээвэрчид болон малчдад өгөх зөвлөмж
Сарын турш үе үе цас орж, хүчтэй салхи шуурга шуурах магадлалтай байгаа тул хол замд гарах тээвэрчид болон хөдөө орон нутагт суугаа малчид цаг агаарын богино хугацааны нарийвчилсан мэдээг тогтмол ашиглах нь зүйтэй. Ялангуяа нэг болон хоёрдугаар арав хоногийн зарим хугацаанд тогтворгүй цаг агаар зонхилох тул дулаан хувцаслаж, тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй байдалдаа онцгойлон анхаарахыг зөвлөж байна.
Цаг агаарын талаарх лавлах утас: 11-326606