Улаанбаатар хотын төв талбайд болж буй 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна.
Монголын эмэгтэй шигшээ баг өчигдөр хэсгийн шатны сүүлийн тоглолтуудаа амжилттай дуусгаж, «D» хэсгээс хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарлаа. Манай баг Парисын олимпын аварга Германыг болон Украиныг хожсон. Тухайлбал, Украинтай хийсэн тоглолтод нэмэлт цагт О.Хулангийн холын зайнаас оруулсан хоёр онооны ачаар Монголын баг 18:16-гаар ялалт байгуулсан. Энэ тоглолтод О.Хулан 10, Б.Ариунцэцэг 8 оноо авч багаараа ялалтад үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Ийнхүү Монголын эмэгтэй баг өнөөдөр 18:25 цагт дэлхийн чансааг тэргүүлж буй БНХАУ-ын шигшээтэй хасагдах шатны эхний тойрогт тоглохоор болсон. БНХАУ-ын эмэгтэй баг хэсэгтээ дөрвөн тоглолт хийж, хоёрт нь ялалт байгуулан гуравдугаар байр эзэлжээ.
Хасагдах шатнаас ялалт байгуулсан баг шөвгийн наймд шалгарч, «B» хэсгийн тэргүүн АНУ-ын багтай тоглох юм. АНУ хэсгийн шатанд дөрвөн тоглолт дараалан хожсоноор тэргүүлсэн.
Эмэгтэйчүүдийн ангилалд хэсэгтээ тэргүүлсэн багууд нь Австрали, АНУ, Франц, Испани. Хоёрдугаар байраар шалгарсан багт Польш, Япон, Унгар, Монгол багтаж байна. Харин гуравдугаар байрт БНХАУ, Нидерланд, Канад, Германы баг оржээ.
Эрэгтэй багуудын хувьд хэсгээ тэргүүлсэн нь Серби, АНУ, БНХАУ, Швейцар. Хоёрдугаар байрт Австрали, Латви, Пуэрто Рико, Нидерланд шалгарсан бол гуравдугаар байраар Герман, Япон, Австри, Испани багууд хасагдах шатанд өрсөлдөхөөр боллоо.