475 жилийн дараа Камчаткийн галт уул дахин дэлбэрэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
475 жилийн дараа Камчаткийн галт уул дахин дэлбэрэв

ОХУ-ын Камчаткийн хойгт орших Крашенинников нэртэй галт уул 475 жилийн дараа анх удаа дахин идэвхжиж, дэлбэрснийг тус улсын Онцгой байдлын яам Ням гарагт мэдэгдлээ.

Сүүлийн удаа 1550 онд дэлбэрч байсныг Смитсоны хүрээлэнгийн “Global Volcanism Program”-ын баримт баталж байгаа бөгөөд энэ удаагийн дэлбэрэлт нь шинжлэх ухааны хувьд түүхэн ач холбогдолтой тохиолдол болж байна.

Утаа 6,000 метрийн өндөрт хүрэв
Камчаткийн нутгийн онцгой байдлын байгууллагын мэдээлснээр, галт уулын дэлбэрэлтээс үүссэн утаа 6,000 метрийн өндөрт хөөрчээ. Утаа Номхон далайн зүгт тархаж байгаа бөгөөд хүн амын суурьшлын бүсийг хамраагүй гэдгийг тодотгосон.

“Одоогоор суурьшсан бүсэд үнс нурам унасан тохиолдол бүртгэгдээгүй” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Агаарын тээвэрт нөлөөлж болзошгүй
Дэлбэрэлтийн улмаас агаарын тээврийн аюулын зэрэглэлийг “улбар шар” түвшинд хүргэсэн байна. Энэ нь тухайн бүс нутгийг дайран өнгөрөх нислэгүүд саатах, чиглэлээ өөрчлөх шаардлагатай болж болзошгүй гэсэн үг юм.

Газар хөдлөлтийн дараах үр дагавар
Тус хойгт 8.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт Лхагва гарагт тохиолдсон ба энэхүү үйл явдал нь Крашенинников төдийгүй Европ, Азийн хамгийн идэвхтэй галт уулын нэг болох Ключевской уулын дэлбэрэлттэй давхцсан. Уг уул нь 2000 оноос хойш 18 удаа дэлбэрсэн бөгөөд энэ удаагийн дэлбэрэлт ч газар хөдлөлттэй холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Цүнами, хохирол болон үр дагавар
Газар хөдлөлтийн дараа Номхон далайн бүс нутгуудад цүнамигийн анхааруулга зарлагдсан ч ноцтой хохирол учраагүй. Харин ОХУ-ын Северо-Курильск боомтод цүнами дайрснаас нэг загасны үйлдвэр усанд автсан хохирол бүртгэгджээ.

Камчатка — галт уулын бүс
“Гал ба мөсний орон” гэж нэрлэгддэг Камчаткийн хойг нь дэлхий дээрх хамгийн идэвхтэй галт уулын бүсүүдийн нэг юм. NASA-гийн тооцоогоор, тус бүсэд нийт 300 орчим галт уул байдаг бөгөөд тэдгээрийн 29 нь идэвхтэй гэж бүртгэгдсэн.

Камчатка нь дэлхийн хоёр том тектоник хавтангийн уулзвар дээр оршдог тул газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, цүнами зэрэг байгалийн гамшиг байнга тохиолддог бүс нутагт тооцогддог.

Географийн байрлал ба хүн ам
Москвагаас есөн цагийн бүсийн зөрүүтэй Камчаткийн хойг нь 1,200 км урттай, хоёр талаараа Номхон далай болон Охотскийн тэнгисээр хүрээлэгддэг. Тус хойг болон ойр орчмын арлуудад нийт 290,000 орчим хүн оршин суух ба 162,000 гаруй иргэн нь Авача буланд орших Петропавловск-Камчатский хотод амьдардаг.

Тээврийн боломж хязгаарлагдмал ба ихэвчлэн нисдэг тэрэг ашиглан зорчдог. Загас агнуур нь бүс нутгийн эдийн засгийн гол тулгуур хэвээр байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment