ОХУ-ын зүүн бүс нутагт зорчигч тээврийн онгоц осолдож, 49 хүн сууж явсныг албаныхан мэдээллээ. Одоогоор амьд үлдсэн иргэдийг эрэн хайх ажиллагаа ид үргэлжилж байна.
Ослын тухай дэлгэрэнгүй:
- Сибирьт төвтэй “Ангара” авиа компаниас хөөрсөн Ан-24 онгоц Хятадтай хиллэдэг Амур мужийн алслагдсан Тында хотын чиглэлд нисэж яваад радарын хяналтаас алга болсон байна.
- Нислэг удирдлагатай холбоо тасарснаар эрэл, хайгуулын ажиллагаа шуурхай эхэлжээ.
- Орон нутгийн Онцгой байдлын алба “РИА Новости” агентлагт мэдээлэхдээ, ослын магадлалтай бүсэд агаараас тандалт хийсэн ч амьд үлдсэн хүн олдоогүй тул эрэл хайгуулыг газар дээрээс үргэлжлүүлж байна гэжээ.
Ослын талбай:
- Ан-24 онгоцны шатаж буй үлдэгдлийг Тында нисэх онгоцны буудлаас 15 км зайд, уулын энгэр орчмоос олсон байна.
Бүс нутгийн захирагч Василий Орлов дараах мэдээллийг “Telegram” хуудсаараа дамжуулан өгчээ:
“Урьдчилсан мэдээллээр онгоцонд 43 зорчигч, тэдгээрийн дотор таван хүүхэд, багийн зургаан гишүүн байсан. Эрэн хайх ажиллагаанд шаардлагатай бүх хүч, нөөцийг дайчилсан.”
Хэрэг мөрдөн шалгах үйл явц:
- Оросын Тээврийн мөрдөн шалгах хороо уг ослыг техникийн доголдол болон хүний алдаа байж болзошгүй гэж үзэж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.
Ан-24 онгоцны тухай:
- Энэхүү загварыг 1950-иад оны сүүлчээр ЗХУ-ын Антоновын нэрэмжит зохион бүтээх товчоо бүтээжээ.
- Хүнд нөхцөлд нисэх чадвараараа алдартай бөгөөд шороон зурвас ашиглах боломжтой, Орос болон Төв Азийн алслагдсан бүс нутагт өргөн хэрэглэгддэг.
- Ослын онгоц 1976 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд 50 гаруй жилийн турш ашиглагдаж байжээ.