54 настай Кристина Эпплгейт хүнд өвчний улмаас хэвтэрт оржээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Кристина Эпплгейт

Холливудын нэрт жүжигчин Кристина Эпплгейт эдгэршгүй хүнд өвчний улмаас хэвтэрт орсон тухайгаа мэдэгдлээ.

Тэрээр 2021 онд тархи болон мэдрэлийн системийг гэмтээдэг дархлааны тогтолцооны өвчин болох тархмал хатуурлаар (multiple sclerosis) оношлогдсон гэдгээ анх олон нийтэд зарлаж байсан юм. Одоогийн биеийн байдлынх нь талаар “Mirror” хэвлэл дэлгэрэнгүй мэдээлснийг уламжлав.

Өдгөө 54 настай жүжигчний бие улам дордож байгаа бөгөөд уг өвчин түүний хөдөлгөөн болон тэнцвэрт шууд нөлөөлж, хэвтэрт ороход хүргэжээ. Тэрээр гар утсаа барих, зурагтын удирдлага ашиглах байтугай усны савны таг нээхэд ч хүндрэлтэй болсноо нуусангүй.

“Заримдаа би утсаа ч барьж чаддаггүй, гар руу маань маш хүчтэй өвдөлт өгдөг. Зурагт асаах гэж удирдлага авах гэхээр гар маань дийлэхгүй байна. Савтай ус нээх ч надад боломжгүй зүйл болсон” хэмээн Кристина ярьжээ.

Хүнд өвчний улмаас жүжигчин бүсгүй сэтгэл гутралд орсон ч охиныхоо төлөө бууж өгөхгүй, тэвчээртэй байхыг хичээж байгаагаа онцолсон байна. Тэрээр “Надад хэчнээн хэцүү байсан ч охины минь хувьд би хэрэгтэй хүн. Тиймээс би бууж өгөхгүй” гэжээ.

Кристина Эпплгейт “Dead to Me” цувралын зураг авалтын үеэр өвчнөө анх мэдсэн бөгөөд 2023 онд жүжигчний карьераа бүрмөсөн орхиж байгаагаа зарласан юм.

Сануулахад, Холливудын өөр нэгэн од Брюс Уиллис мөн адил эдгэршгүй өвчин болох тэнэгрэлээр (dementia) шаналж байгаа билээ. Түүний биеийн байдал муудсаар байгаа тул гэр бүлийнхэн нь түүнийг тусдаа байшинд асарч байгаа бөгөөд эхнэр нь саяхан тэдний уулзалтын талаарх мэдээллийг хуваалцсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй