Улаанбаатар хотод баригдах дулааны тавдугаар станцын (ДЦС-5) төслийн өрсөлдөөнт тендерийн эцсийн шатанд “Митайм Интернэшнл” ХХК 75 оноогоор шалгарч, гэрээний хэлцэл хийх шатандаа оржээ. Гэрээ амжилттай хийгдсэний дараа уг асуудлыг НИТХ-аар баталгаажуулна.
Ийнхүү Камбожийн Хаант Улсад бүртгэлтэй “Митайм Интернэшнл” компани зөвхөн өөрийн хөрөнгөөр 658.6 сая ам.долларын өртөгтэй дулааны станц барьж, улсын өмчид шилжүүлэх нөхцөлтэйгөөр ажил гүйцэтгэхээр боллоо. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатарын баруун хэсгийн 40,000 айл өрхийг дулаанаар хангах 340 Гкал/цаг дулаан, 300 МВт цахилгаан гаргах хүчин чадалтай орчин үеийн станц ашиглалтад орно.
Хотын төр хувийн түншлэл ХХК-ийн захирал З.Батырбек:
“Улаанбаатар хотод дулааны тавдугаар станцыг барих асуудал 1985 оноос яригдсан. 41 жилийн дараа уг станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар болж байна. Төсөвт өртөг нь 658.6 сая ам.доллар бөгөөд хоёр жилийн хугацаанд баригдаж, зургаан сар туршилт хийнэ. Нийтдээ 30 сарын дараа улсын комисст хүлээлгэн өгнө. Эдийн засгийг тэлэх хамгийн чухал суурь нь цахилгаан, дулаан юм” гэж онцоллоо.
“Митайм Интернэшнл” ХХК өмнө нь Завхан аймгийн Тосонцэнгэлд 30 МВт-ын Тосон дулааны станцыг барьж байсан, мөн Сэлэнгэ аймагт төстэй станцын бүтээн байгуулалтад оролцож байсан туршлагатай аж. Шинэ станцыг ДЦС-4, ДЦС-2-ын голд байх 20 га үнсний талбай дээр барих нь хуучин станцуудын төмөр замыг ашиглаж нүүрс тээвэрлэх, үйлдвэрлэл явуулах давуу талтай юм. Хоёр станцын үнсэн талбайг чөлөөлж, хогийн цэг рүү тээвэрлэх зохицуулалт хийгдэнэ.
Байршлын трасст 26 иргэн, ААН-ийн газар өртсөнөөс ес нь үлдээд байгааг хэлж байна. Одоогоор 500 орчим аж ахуйн нэгж дулааны техникийн нөхцөл хүссэн ч дулааны эх үүсвэргүйн улмаас шийдвэрлэгдээгүй байна.