82 настай өвгөн эмнэлэгт хэвтэж буй эхнэрээ эргэхийн тулд өдөр бүр 12 цагийг замд өнгөрүүлдэг байжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
82 настай өвгөн ханиа эргэх гэж өдөрт 12 цаг замд явдаг байв

Хятадад 82 настай нэгэн буурай эмнэлэгт хэвтэж буй ханиа эргэхийн тулд өдөр бүр ирж очихдоо 12 цагийг замд өнгөрүүлдэг байсан сэтгэл хөдөлгөм түүхийг “South China Morning Post” сонин онцолжээ.

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, 82 настай Чэнь Ачун болон түүний гэргий Сюэ нар ханилаад 50 гаруй жил болжээ. Жилийн өмнө гэргий нь цус харваж, улмаар хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа туссаны улмаас Нинбо хотын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн байна.

Хүү нь ажил ихтэй байсан тул Чэнь гуай эхнэрээ асрах бүх хариуцлагыг өөртөө авчээ. Тэрээр өдөр бүр үүрийн 04:30 цагт босож, хоол ундаа бэлдээд хэд хэдэн дамжлага автобусаар эмнэлэг рүү зүглэдэг байв. Эрчимт эмчилгээний тасагт өвчтөн эргэх хугацаа ердөө 10:30-аас 11:00 цаг хүртэл 30-хан минут үргэлжилдэг ч тэрээр үдийн цай хүртэл эмнэлэгт саатаж, дараа нь гэр рүүгээ буцдаг байжээ. Ингэж ирж очиход нийтдээ 12 цаг зарцуулдаг байсан гэнэ.

Зардлаа хэмнэхийн тулд тэрээр гэрээсээ хоол авчирдаг байсан бөгөөд эхнэрийнхээ эмчилгээнд өөрийн бүх хадгаламж болох 14 мянга орчим ам.долларыг зарцуулжээ. Түүнчлэн хүү нь эмчилгээний зардлыг нөхөхийн тулд байшингаа хүртэл зарсан байна.

Энэхүү хайр халамжийн түүх олон нийтийн анхаарлыг татаж, дэмжлэг авч эхэлжээ. Эмнэлгийн захиргаа эргэлтийн цагийг нь сунгаж, нийтийн тээврийн газраас түүнд үнэ төлбөргүй зорчих эрх олгосон төдийгүй сайн санаат иргэд 20 мянга гаруй ам.долларын хандив цуглуулж өгсөн байна.

Гэрчүүдийн ярьснаар, Чэнь гуай эхнэртэйгээ уулзах үедээ гарыг нь атган, хамтдаа туулсан амьдралынхаа дурсамжийг хүүрнэж суудаг байжээ. Мөн нүүр гарыг нь арчиж, хөнжлийг нь засдаг байв.

Сюэгийн биеийн байдал тогтвортой байсан ч 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр түүний зүрх зогсжээ. Эмч нар бүх хүчээ дайчлан ажилласан ч түүний амийг аварч чадсангүй. Чэнь гуай ханийнхаа сүүлчийн мөчид дэргэд нь байж, гарыг нь чанга атган салах ёс гүйцэтгэсэн байна.

“Зүрх минь зүсэгдэх шиг л болж байна. Маш их өвдөж байна” хэмээн Ачун гуай сэтгэгдлээ хуваалцжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй