Холливудын шагналын улирлын салхийг хагалдаг 83 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадам хөшгөө нээж, шилдгүүдээ тодрууллаа. Инээдмийн жүжигчин Никки Глейзер хоёр дахь жилээ дараалан ёслолыг хөтөлсөн бөгөөд түүний хурц хошигнол, салбарынхныг эргэцүүлүүлсэн ярианууд үдшийн гол чимэг байв. 2025 оны кино болон телевизийн шилдэг бүтээлүүдийг шүүн тунгаасан энэ удаагийн наадам нь энтертайнмент ертөнцийн шинэ өнгө төрхийг илэрхийлсэн шинэлэг ангиллуудыг нэмсэнээрээ онцлогтой байлаа.
Кино урлагийн салбарын шилдгүүд
Дэлгэцийн бүтээлийн төрөлд Паул Томас Андерсоны найруулсан “One Battle After Another” болон түүхэн драм “Hamnet” зэрэг кинонууд гол шагналуудыг түүвэрлэв. Кино урлагийн салбарын шилдгүүдийг дурдвал:
- Шилдэг драм кино: Hamnet
- Шилдэг мьюзикл эсвэл инээдмийн кино: One Battle After Another
- Шилдэг анимейшн бүтээл: KPop Demon Hunters
- Гадаад хэл дээрх шилдэг кино: The Secret Agent
- Шилдэг найруулагч: Паул Томас Андерсон (One Battle After Another)
- Драмын төрлийн шилдэг эрэгтэй жүжигчин: Вагнер Моура (The Secret Agent)
- Драмын төрлийн шилдэг эмэгтэй жүжигчин: Жесси Бакли (Hamnet)
- Инээдмийн төрлийн шилдэг эрэгтэй жүжигчин: Тимоти Шаламет (Marty Supreme)
- Инээдмийн төрлийн шилдэг эмэгтэй жүжигчин: Рөүз Бирн (If I Had Legs I’d Kick You)
- Туслах дүрийн шилдгүүд: Стеллан Скарсгард болон Тейана Тэйлор
- Шилдэг киноны дуу: “Golden” (KPop Demon Hunters)
Телевиз болон шинэ төрлийн номинациуд
Телевизийн цуврал болон богино хэмжээний бүтээлүүдийн хувьд “The Pitt” болон “The Studio” бүтээлүүд үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, Алтан бөмбөрцгийн эзэд боллоо. Нийгмийн өөрчлөлт болон хувь хүний хөгжлийг харуулсан эдгээр цувралууд дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан юм.
- Шилдэг драмын цуврал: The Pitt
- Шилдэг инээдмийн эсвэл мьюзикл цуврал: The Studio
- Шилдэг богино цуврал: Adolescence
- Телевизийн шилдэг эрэгтэй жүжигчид: Ноа Вайл (Драм), Сет Роган (Инээдэм)
- Телевизийн шилдэг туслах дүрүүд: Оуэн Күүпер, Жеан Смарт (Hacks)

Сошиал медиа болон дижитал контентын нөлөөг үнэлж энэ жил анх удаа “Шилдэг подкаст” ангиллыг нэмсэн юм. Уг номинацийн анхны ялагчаар Эми Полерын хөтөлдөг “Good Hang with Amy Poehler” тодорч, түүхэн амжилт тогтоолоо. Энэхүү шинэчлэл нь уламжлалт кино наадам орчин үеийн мэдээллийн хэрэгслүүдийг хүлээн зөвшөөрч буйн тод илрэл болж байна.