Богдхан ууланд зэрлэг амьтанд аюултай 1000 метр хашааг албадан буулгав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Зэрлэг амьтанд эрсдэл учруулсан хашааг албадан буулгалаа

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас Нүхтийн аманд байрлах стандартын бус хашааг албадан буулгах арга хэмжээг 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Уг шийдвэр гарах болсон гол шалтгаан нь үзүүртэй төмөр хашаанд зэрлэг буга гэмтэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгдсэнтэй холбоотой юм. Нүхтийн амны энгэрт баригдсан 1000 орчим метр урт энэхүү хашаа нь байгаль орчин болон ан амьтны амьдрах орчинд бодит аюул занал учруулж байжээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар байгалийн хэв шинжийг алдагдуулах, зэрлэг амьтдад хохирол учруулах үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглосон байдаг. Гэвч зарим аж ахуйн нэгжүүд албан шаардлагыг удаа дараа үл тоомсорлон, стандартын бус хашаа барьсаар байгаа нь ийнхүү амьтны амь эрсдэх үндэслэл болсон байна. Амьтны тухай хуульд зааснаар зэрлэг амьтдыг гэмтээх, устгах, амьдрах орчныг нь алдагдуулах нь хуулийн хариуцлага хүлээх үндэслэл болдог.

Одоогоор албаны хүмүүс дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна:

  • Мал, амьтны эмчийн мэргэжлийн дүгнэлтийг албан ёсоор гаргуулсан.
  • Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээг тооцож байна.
  • Холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийн хэрэг нээж, хянан шалгах ажиллагааг эхлүүлээд байна.

Байгаль орчныг хамгаалах байгууллагаас тусгай хамгаалалттай бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг хууль дүрмээ мөрдөж, зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг дахин санууллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй