АНУ-ын Ерөнхий Ерөнхийлөгч Доналд Трамп болон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар стратегийн түүхэн тохиролцоонд хүрснээ 2026 оны хоёрдугаар сарын 2-ны даваа гарагт албан ёсоор зарлалаа. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Энэтхэг улс ОХУ-аас газрын тос импортлохоо бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн байна. Үүний хариуд Цагаан ордноос Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд ногдуулаад байсан 50 хувийн тарифыг 18 хувь болгон эрс бууруулахаар болжээ.
Хоёр улсын удирдагчид утсаар ярилцаж, эдийн засаг болон геополитикийн нөхцөл байдлыг зөвшилцсөний дараа энэхүү мэдэгдэл гарсан юм. Шинэ тохиролцооны дагуу Энэтхэг улс АНУ-аас авах импортын хэмжээгээ үлэмж нэмэгдүүлж, нийт 500 тэрбум ам.долларын өртөг бүхий худалдан авалт хийхээр амлалт өгөөд байна. Үүнд дараах гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүд багтаж байгаа аж:
- Эрчим хүчний нөөц: АНУ-аас нийлүүлэх их хэмжээний нүүрс.
- Дээд технологи: Технологийн салбарын дэвшилтэт тоног төхөөрөмж, шийдлүүд.
- Хөдөө аж ахуй: Хөдөө аж ахуйн гаралтай төрөл бүрийн түүхий эд, бүтээгдэхүүн.
Украины дайн эхэлснээс хойш өрнөдийн орнууд Оросын эрчим хүчний хамаарлаас ангижрахыг эрмэлзэж ирсэн боловч Энэтхэг болон БНХАУ-ын худалдан авалт ОХУ-ын эдийн засагт гол түшиг тугуур болж байсан юм. Доналд Трамп 2025 онд Ерөнхийлөгчийн албан тушаалдаа эргэн ирснээсээ хойш дайныг зогсоох хүчин чармайлтынхаа хүрээнд ОХУ-ын санхүүгийн эх үүсвэрийг хаах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байна.
Тэрбээр Оросын газрын тосны экспортыг хумихын тулд томоохон худалдан авагчдад дипломат болон эдийн засгийн хүчтэй шахалт үзүүлсээр ирсэн билээ. Ялангуяа Энэтхэгт тарифын өндөр дарамт үзүүлж байсан нь ийнхүү үр дүнгээ өгч, талууд харилцан ашигтай нөхцөлөөр шинэ замаа тодорхойлж чадлаа. Энэхүү алхам нь дэлхийн эрчим хүчний зах зээлийн бүтцэд томоохон өөрчлөлт авчрахаас гадна АНУ болон Энэтхэгийн худалдааны түншлэлийг шинэ шатанд гаргаж байна.
(Эх сурвалж: Reuters)