Норвегийн угсаа залгамжлах гүнж Метте-Маритын хүү Мариус Хойби бэлгийн хүчирхийллийн хэргээр өнөөдөр Осло хотын шүүхэд ирлээ. Прокурорын зүгээс хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол 10 хүртэлх жилийн хорих ял оноож магадгүйг мэдэгдсэн байна.
Ирээдүйн хатан хааны хүү, өдгөө 29 настай Мариус Хойби нь хүчирхийлэл болон бусад 38 зүйл ангиар буруутгагдаж байгаа ч гэм буруугаа хүлээхгүй гэдгээ мэдэгджээ. Тэрээр шүүх хуралд эх Метте-Марит болон хойд эцэг угсаа залгамжлах хунтайж Хоокон нарын хамт ирээгүй юм. Прокурор Стурла Хенриксбо Осло хотын тойргийн шүүхэд түүнд тулгасан 38 зүйл анги бүхий яллах дүгнэлтийг 24 минутын турш уншиж танилцуулж, гэм буруугаа хүлээх эсэхийг асуухад Хойби хамгийн ноцтой хэргүүд болох дөрвөн удаагийн хүчирхийллийн буруутгал бүрт “үгүй” гэж хариулжээ.
Гэсэн хэдий ч тэрээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хар тамхитай холбоотой ноцтой гэмт хэрэг үйлдсэн, шүүхийн шийдвэрээр тогтоосон хоригийг зөрчсөн хэргүүдээ хүлээн зөвшөөрсөн байна. Мөн заналхийлэл болон хүндрүүлэх нөхцөл байдалтай халдлагын хэргээ “хэсэгчлэн” хүлээн зөвшөөрсөн гэж Express хэвлэл мэдээллээ.

Мариус Хойби хуучин найз охидынхоо нэгтэй / © Getty Images
Прокурорын зүгээс 3-р сарын 19 хүртэл үргэлжлэх шүүх хурлын төгсгөлд Хойбид 10 хүртэлх жилийн хорих ял тулгаж магадгүйг хэлсэн юм. Шүүх хурлын явцад хэргийн хохирогч гэгдэх долоон хүн мэдүүлэг өгөх бөгөөд зарим гэрчүүдийн мэдүүлгийг хаалттай горимоор сонсохоор болжээ. Прокурор шүүх хурлын үеэр “Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Шүүгдэгч бол угсаа залгамжлах гүнжийн хүү, хааны гэр бүлийн гишүүн. Гэсэн хэдий ч түүнд ижил төрлийн гэмт хэрэгт буруутгагдаж буй бусад иргэдийн адил хандах ёстой” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Харин Хойбигийн өмгөөлөгчдийн баг түүнийг бэлгийн хүчирхийлэл болон хүчирхийлэлтэй холбоотой ихэнх буруутгалыг үгүйсгэж байгааг мэдэгдлээ. Сануулахад, тэрээр өнгөрөгч ням гарагийн орой халдлага үйлдсэн, хутгаар заналхийлсэн болон шүүхийн хоригийг зөрчсөн үндэслэлээр баривчлагдсан юм. Осло хотын шүүхээс түүнийг дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй гэж үзэн, дөрвөн долоо хоногийн турш цагдан хорих хүсэлтийг өчигдөр хангасан билээ.