Поттерианы цувралын хамгийн алдартай дүрүүдийн нэг болох Драко Малфой гэнэтийн байдлаар Хятадын шинэ жилийн бэлгэдэл болоод байна. Үүний шалтгаан нь түүний нэрийг хятад ханзаар галиглах арга барилтай холбоотой юм.
Medee.news сайтын уламжилснаар, энэ тухай The Guardian сонин мэдээлжээ. Малфойн нэрийг хятад хэлээр mǎ ěr fú гэж галигладаг. Эхний ханз нь “морь” гэсэн утгатай бол сүүлийн fú гэх ханз нь “аз жаргал” эсвэл “ерөөл” гэсэн утга илэрхийлдэг бөгөөд энэ нь Сарны шинэ жилийн баярын гол бэлгэдэл юм.
Слизерин коллежийн оюутны нэр хятад хэлнээ “морины аз” гэж бууж байгаа нь энэхүү дүрийг ирж буй жилд аз ивээх гэнэтийн бэлгэдэл болгож орхижээ. Үүнээс үүдэн Хятадын нийгмийн сүлжээнд маш олон меме, фэнүүдийн зураг, чимэглэл болон сэдэвчилсэн бүтээгдэхүүнүүд хүчээ авч байна. Кинонд Малфойн дүрийг бүтээсэн жүжигчин Том Фелтоны зураг шинэ жилийн улаан плакатууд дээр хэвлэгдэж, хүмүүс хөргөгч, оффис болон худалдааны төвүүдийн ханандаа наах болжээ.
Жүжигчин Том Фелтон өөрөө ч Хятад дахь шүтэн бишрэгчдээ дэмжсэн байна. Өдгөө 38 настай жүжигчин залуу Instagram хуудсынхаа стори хэсэгт Хятадын нэгэн худалдааны төвд байршуулсан өөрийнх нь зурагтай улаан баннерыг нийтэлжээ. Тус постер дээрх ханзнууд “Их хэмжээний эд баялгийг дуудах шидэт сэргэлт” гэсэн утгатай байв.

Үүнээс өмнө Том Фелтон Бродвейн “Харри Поттер ба Хараагдсан хүүхэд” мюзиклд дахин Драко Малфойн дүрийг бүтээсэн юм. Жүжигчний ярьснаар, тэрээр дүрийнхээ цагаан хиймэл үсийг зүүх үедээ сэтгэл нь ихэд хөдөлж, нулимс дусгасан гэнэ. Үзэгчид түүнийг маш халуун дотноор хүлээн авсан бөгөөд Фелтон 30 секундын турш үргэлжилсэн нижигнэсэн алга ташилт, хашхирааны дараа л анхны “I need a favor” (Манд тус хэрэгтэй байна) гэх үгээ хэлж чаджээ.
Түүнчлэн нээлтийн үеэр кинонд түүний аав Люциус Малфойн дүрийг бүтээсэн жүжигчин Жейсон Айзекс хүрэлцэн ирж, “кино хүүгээ” дэмжсэн байна.