Парисын “Их Дуулга 2026”: Монголын 15 жүдоч Францын татаамыг зорилоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Их Дуулга

2026 оны жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээнүүдийн салхийг хагалж, хамгийн нэр хүндтэй Парисын “Их Дуулга” тэмцээн ирэх амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тэмцээнд оролцох Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын хамт өнөөдөр Франц улсыг зорин хүлэг мордлоо.

Тэмцээнд өрсөлдөх бүрэлдэхүүн

Энэ удаагийн “Их Дуулга”-д манай улсаас эрэгтэй 7, эмэгтэй 8, нийт 15 жүдоч зодоглож, чансааны оноогоо ахиулахын төлөө хүч үзэх юм. Багийн бүрэлдэхүүнийг жин тус бүрээр танилцуулбал:

  • Эрэгтэйчүүд: 60 кг-д Э.Ариунболд, Т.Түмэнжаргал, 66 кг-д Ё.Басхүү, Ө.Жанцандорж, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр.
  • Эмэгтэйчүүд: 48 кг-д Ж.Анударь, Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, М.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, -78 кг-д А.Дуламсүрэн, О.Хүслэн.

Дасгалжуулагчдын баг ба хүлээлт

Шигшээ багийг ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч МУГД П.Нямлхагва, Г.Болдбаатар нар удирдан оролцох юм. Парисын татаам бол жүдочдын хувьд “дэлхийн аварга”-тай дүйцэхүйц өндөр өрсөлдөөнтэй, хүнд даваа байдаг тул манай тамирчид олимпын мөчлөгийн дараах бэлтгэлээ хэрхэн базаасныг харах томоохон сорилт болох нь дамжиггүй.

Монголын багийн хувьд Ё.Басхүү, Л.Энхрийлэн нарын туршлагатай тамирчдаас гадна залуу жүдочид жин ахиж, шинээр гарч ирж байгаа нь энэ удаагийн тэмцээний гол онцлог юм. Францын нийслэлд манай тамирчдын хараа хурц, мэх нь даацтай байж, медалийн хур буулгахыг нийт бөх сонирхогчид хүлээж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй