Table of Contents
Өнөөдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр олон улсын аюулгүй байдлын нэгэн чухал багана ганхаж байна. ОХУ болон АНУ-ын хооронд байгуулсан Стратегийн давшилтат зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээ (New START)-ний хугацаа албан ёсоор дуусаж байгаа нь дэлхийн хамгийн том хоёр цөмийн гүрнийг зэвсэглэлээр хөөцөлдөхөд саад болох эрх зүйн зохицуулалтгүй болгож байна.
Гэрээний ач холбогдол ба хязгаарлалтууд
2010 онд анх байгуулагдаж, 2021 онд таван жилээр сунгагдсан энэхүү баримт бичиг нь цөмийн дайн гарах эрсдэлийг бууруулах үндсэн механизм байв. Гэрээний дагуу талууд дараах хатуу хязгаарлалтыг дагаж мөрддөг байсан юм:
- Цөмийн цэнэгт хошуу: Нэг тал 1,550-аас илүүгүй цэнэгт хошуу байршуулах.
- Зэвсэг тээвэрлэгч (Хуурай зам, далай, агаар): Нийт 800-аас илүүгүй тээвэрлэгч хэрэгсэлтэй байх.
- Хяналт шалгалт: Жилд хоёр удаа зөвлөлдөх комисс хуралдаж, газар дээрх тогтмол шалгалтуудыг хийдэг байсан нь харилцан итгэлцлийг бэхжүүлж байв.
Харилцан итгэлцлээс тодорхойгүй байдал руу
Энэхүү гэрээ хүчингүй болсноор хоёр улсын цөмийн зэвсгийн салбар дахь “тунгалаг байдал” үгүй болж байна. Өмнө нь мэдээлэл солилцож, зөвлөлдөх комисс ажилладаг байсан нь болзошгүй андуурал, эндүүрлээс үүдэлтэй мөргөлдөөнөөс сэргийлдэг байсан бол одоо талууд бие биенийхээ цөмийн хүчин чадлыг зөвхөн тандалт, тагнуулын аргаар тооцоолохоос өөр аргагүй болов.
Олон улсын хариу үйлдэл: НҮБ-ын уриалга
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш гэрээний хугацаа дуусаж буйтай холбогдуулан гүнээ түгшиж байгаагаа илэрхийллээ. Тэрээр хоёр гүрний удирдагчдад хандан дараах уриалгыг гаргаад байна:
“Тус хоёр улсад хандан хэлэлцээний ширээний ард суун, хяналттай хязгаарлалтыг сэргээж, эрсдэлийг буруулах, бид бүхний аюулгүй байдлыг бэхжүүлэх дараагийн бүтцийг зөвшилцөхийг уриалж байна. Өдгөө дэлхий дахин ОХУ болон АНУ-аас үг хэлээс ажил хэрэг рүү шилжихийг хүлээж байна.”