Өмнөговьд 50 мВт-ын станц барьж, нисэх буудлыг шинэчилнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Г.Занданшатар

Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ орон нутгийн иргэдтэй нүүр тулж, тулгамдаж буй асуудлуудыг нь сонслоо. Уг уулзалтад Даланзадгад хотын 700 гаруй иргэн оролцож, аймаг орон нутгийнхаа хөгжилд шаардлагатай дэд бүтцийн томоохон төслүүдийн талаар мэдээлэл авсан юм.

Ерөнхий сайдын зүгээс Өмнөговь аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй гол ажлуудыг доорх байдлаар танилцууллаа:

  • Эрчим хүчний шинэ эх үүсвэр: Даланзадгадын дулааны цахилгаан станцын ачааллыг хөнгөлөхийн тулд 50 мВт-ын хүчин чадалтай шинэ станцыг орон нутгийн бондоор санхүүжүүлэн барихаар боллоо.
  • Боомтын асуудал: Цагаандэл уул боомтыг нээх шийдвэрийг иргэдийн оролцоотой ажлын хэсэг дахин хянаж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг шинээр хийлгэхээр тогтов.
  • Хяналт шалгалт: Хилийн зурваст хууль бусаар газар сэндийчсэн гэх гомдлын мөрөөр АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан баг газар дээр нь ажиллаж, буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор болсон байна.
  • Нисэх буудлын шинэчлэл: Зорчигчдын урсгал нь нэмэгдэж буй “Гурвансайхан” нисэх буудлын барилга байгууламжийг сайжруулж, олон улсын нислэг хүлээн авах чадамжтай болгохоор зорьж байна.

Даланзадгад хотын хүн амын төвлөрөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор одоогийн станцын үйл ажиллагаа доголдож эхэлсэн тул шинэ станц барих ажил ийнхүү албан ёсоор эхэлж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Энэхүү төсөл нь аймгуудаас анх удаа бонд гаргаж буй томоохон жишээ болж байгаа бөгөөд Монголбанкнаас холбогдох зөвшөөрлийг олгосон байна.

Уулзалтын үеэр иргэд дархан хилийн зурваст дураараа авирлаж буй компаниудын үйлдэл болон түүнийг хянах ёстой хил хамгаалах байгууллагын эс үйлдэлд туйлын шүүмжлэлтэй хандсан юм. Ерөнхий сайд Г.Занданшатар хэрэв иргэдийн хэлсэн мэдээлэл баримтаар нотлогдвол хатуу арга хэмжээ авна гэдгээ албан ёсоор мэдэгдэж, хуулийн байгууллагуудын хамтарсан шалгалтыг шуурхай эхлүүлэхээр боллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй