Санаэ Такаичигийн ялалт: Япон улс шинэ “Төмөр хатагтай”-тай боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Санаэ Такаичи

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи албан үүргээ гүйцэтгэж эхлээд ердөө гурван сарын дараа парламентыг тараах эрсдэлтэй шийдвэр гаргасан нь байаа онолоо. Хоёрдугаар сарын 8-нд зохион байгуулагдсан ээлжит бус сонгуулийн урьдчилсан дүнгээр түүний тэргүүлдэг Либерал Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж, улс төрийн тавцанд байр сууриа батжуулж чадсан байна. Парламентын доод танхимын 465 суудлаас эрх баригч нам дангаараа доод тал нь 243 суудал авах нь тодорхой болсон бол эвслийн хамтрагч “Ниппон исин но кай” намтай нэгдсэнээр нийт 310 гаруй суудал бүрдүүлж, хууль тогтоох байгууллагад хэдийнээ олонх боллоо. NHK телевизийн таамаглаж буйгаар энэ тоо 328 хүртэл өсөх магадлалтай байна.

Энэ удаагийн сонгууль нь сүүлийн 36 жилд анх удаа өвлийн улиралд, цаг агаарын хүнд нөхцөлд явагдсанаараа түүхэнд тэмдэглэгдэж байна. Сонгуулийн өглөө Нийгата болон төвийн хэд хэдэн мужид их хэмжээний цас орж, төмөр замын 37 чиглэл хаагдаж, усан болон агаарын тээврийн олон зуун рейс цуцлагдсан хэдий ч сонгогчдын ирц өндөр байжээ. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, дэлхий нийтийн тогтворгүй байдал зэрэг эдийн засгийн сорилтуудтай тулгарч байсан ч иргэд Санаэ Такаичигийн бодлогыг дэмжин саналаа идэвхтэй өгсөн байна.

Санаэ Такаичи нь Японы уламжлалт “настай эрчүүдийн улс төр”-ийн хэв маягийг эвдэж, залуу үеийнхний дэмжлэгийг хүчтэй авч чадсан нь түүний ялалтын гол түлхүүр байв. Түүний улс төрийн имиж болон нийгэмд үзүүлж буй нөлөөллийг дараах байдлаар тодорхойлж байна:

  • Улс төрийн шүтээн ба бодлого: Их Британийн Маргарет Тэтчерийг үлгэр жишээ болгодог тэрбээр үндсэрхэг үзэл болон батлан хамгаалах салбарыг хүчирхэгжүүлэх бодлогыг баримталдаг бөгөөд Шинзо Абэгийн залгамжлагч гэгддэг.
  • Цахим ертөнцийн нөлөөлөл: Түүний “X” хуудсыг 2.6 сая хүн дагадаг бөгөөд сурталчилгааны бичлэг нь богино хугацаанд 130 сая хандалт авсан нь 18-30 насныхныг байлдан дагуулжээ.
  • Трэнд тодорхойлогч: Ерөнхий сайдын байнга барьдаг хар савхин цүнх, хэрэглэдэг ягаан үзэг зэрэг нь зах зээлд эрэлт үүсгэж, тэр дороо зарагдаж дууссан нь түүний хувийн нэр хүнд хэр өндөр байгааг илтгэнэ.

Ийнхүү эмэгтэй Ерөнхий сайд эрсдэлтэй алхам хийсэн ч өөрийн нэр хүндээр намаа ялалтад хүргэж, цаашид бодлогоо саадгүй хэрэгжүүлэх эрх мэдэлтэй боллоо. Түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн өмнө ил тод дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь гадаад харилцааны хувьд ч томоохон дэмжлэг болж байна. Одоо түүний хэрэгжүүлэх бодлогод хориг тавих хүчин байхгүй тул Япон улс “Төмөр хатагтай”-н удирдлага дор шинэчлэгдэх замдаа орлоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй