Нидерландад Danone-ийн сүүн тэжээлээс болж 30 гаруй нярай хорджээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Nutrilon

Нидерланд улсад Danone үйлдвэрлэгчийн Nutrilon брэндийн сүүн тэжээлийг хэрэглэсэн 30 гаруй нярай хүүхдийн бие муудаж, олон нийтийг түгшээсэн асуудал үүслээ. RTL телесувгийн мэдээлснээр, тус компани бүтээгдэхүүнд нь хорт бодис агуулагдсан байж болзошгүй гэх үндэслэлээр зах зээлээс масштабтай эргүүлэн таталт хийж эхэлсэн байна.

Эцэг эхчүүдийн мэдээлснээр, хүүхдүүд тэжээлээ уусны дараа бөөлжих, суулгах, хэвлийгээр өвдөх, сульдах зэрэг шинж тэмдэг илэрч, зарим нярай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Одоогоор Danone компани 14 төрлийн хүүхдийн тэжээл, түүний дотор нярайн сүүн тэжээл зэрэг нийт 44 багц бүтээгдэхүүнийг эргүүлэн татаад байна. Үүний гол шалтгаан нь Bacillus Cereus бактериас ялгардаг церулид хэмээх токсин байх магадлалтай юм.

Токсины аюул ба урьдчилан сэргийлэлт

Нидерландын Хүнсний аюулгүй байдлын газар (NVWA)-аас мэдээлснээр, церулид токсин нь халуунд маш тэсвэртэй бөгөөд сүүн тэжээлийг буцалсан усаар найруулахад ч устахгүй байх эрсдэлтэй аж. Уг бохирдол нь хүүхдийн хоолны найрлагад ордог арахидоны хүчлийн тосноос үүдэлтэй байж болзошгүй гэж таамаглаж байна. Хэдийгээр хүүхдүүдийн өвчлөл болон сүүн тэжээлийн хоорондын шууд холбоог одоогоор албан ёсоор тогтоогоогүй байгаа ч Danone компани урьдчилан сэргийлэх үүднээс ийнхүү шийдвэр гаргажээ.

Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү токсин нь нярай хүүхдийн бие махбодийг маш хурдан шингэний дутагдалд оруулдаг тул эцэг эхчүүдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй