Н.Учрал: Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах Худалдааны түр хэлэлцээр хамтын ажиллагааны шинэ эхлэл болно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Н.Учрал

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Москва хотноо болсон “Монгол-Оросын бизнес форум”-д (2026.02.11) оролцлоо. Тус форумд Монголын талаас 50 гаруй аж ахуйн нэгжийн 70 орчим, Оросын талаас 100 гаруй бизнесийн төлөөлөл цугларч, хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэх боломжуудыг хэлэлцэв.

Их Хурлын дарга форумыг нээж хэлсэн үгэндээ хоёр улсын хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор урагшлуулах гол хөшүүрэг нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) хоорондын Худалдааны түр хэлэлцээр болохыг тодотголоо. Энэхүү хэлэлцээр нь тарифын хөнгөлөлтөөс гадна гааль, техникийн зохицуулалт, стандартын уялдааг сайжруулах замаар аж ахуйн нэгжүүдийн зардлыг бууруулж, нийлүүлэлтийн сүлжээг шинэ шатанд гаргах институцийн суурь болох юм.

Гэвч бизнес эрхлэгчдэд бодитоор тулгарч буй дараах саад бэрхшээлүүдийг тэрбээр ил тод хөндөж, шийдэл эрэлхийлэхийг уриаллаа:

Бизнесийн орчинд тулгарч буй хүндрэлүүд: ЕАЭЗХ-ны гишүүн орнуудад техникийн зохицуулалт, гарал үүслийн дүрэм харилцан адилгүй хэрэгждэг, Монгол Улсад олгосон сертификат болон лабораторийн шинжилгээг зарим тохиолдолд дахин шаарддаг, мөн мах, сүүн бүтээгдэхүүний экспортод ариун цэвэр, мал эмнэлгийн шаардлагын тайлбар жигд бус байгаа нь хилийн дамжин өнгөрөх процессийг удаашруулж, экспортын зардлыг нэмэгдүүлж байна.

Форумд ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев болон Евразийн эдийн засгийн комиссын худалдааны сайд А.А.Слепнёв нарын албаны хүмүүс оролцсон бөгөөд хөдөө аж ахуй, ноос ноолуур, нэхмэлийн салбарын хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулсан B2B уулзалтаар үйл ажиллагаа үргэлжилсэн юм. Төр, хувийн хэвшлийн уялдаа холбоо сайжирч, харилцан ойлголцол бэхжсэн тохиолдолд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа илүү гүнзгий, тогтвортой хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа Н.Учрал дарга онцоллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй