Майя Хоук болон Кристиан Ли Хадсон нарын хуримын ёслол Нью-Йорк хотноо маш явцуу хүрээнд, зөвхөн ойр дотны хүмүүсийг нь оролцуулан, даруухан байдалд болж өнгөрлөө. Өдгөө 27 настай жүжигчин бүсгүй болон 35 настай хөгжимчин залуу нар олны анхаарлаас хол байхыг хичээсэн ч хуримын зочдын дунд Майягийн алдарт эцэг эхээс гадна “Stranger Things” цувралын хамт олон болох Финн Вулфгард, Сэди Синк, Наталья Дайер, Жо Кири нарын одод хүрэлцэн ирсэн байна.
Сүйт бүсгүй Майя ханцуйгүй, битүү захтай, олон давхар хормойтой минималист цагаан даашинзаар гоёсон бөгөөд төрхөө өдөн чимэглэл бүхий өвөрмөц пальто, цагаан цэцгийн баглаагаар чимжээ. Харин сүйт залуу Кристиан цагаан хантааз, хар эрвээхэй зангилаа бүхий сонгодог смокинг хослуулсан нь тун ч дэгжин харагдаж байв. Зочдын хувьд Ума Турман цайвар цэнхэр даашинзаар гоёсон бол Итан Хоук бүхэлдээ хар өнгийн хувцас сонгож, хүү Левон Хоукийн хамт хүрэлцэн иржээ.

Хосууд хөгжмийн урлагаар дамжуулан танилцсан бөгөөд Кристиан 2024 онд Майягийн “Chaos Angel” цомог дээр хамтран ажиллаж байсан юм. Тэдний уран бүтээлийн түншлэл ийнхүү чин сэтгэлийн хайр болон хувирч, Гэгээн Валентины өдрөөр албан ёсоор гэр бүл боллоо.


