“Charmed” (Бүх эмэгтэйчүүд шулмууд), “Grey’s Anatomy” (Грейгийн анатоми) болон “Euphoria” (Эйфори) цувралын од Эрик Дэйн нэг жил орчмын өмнө оношлогдсон эдгэршгүй хүнд өвчинтэйгөө тэмцсэний эцэст 53 насандаа таалал төгслөө.
Жүжигчин өмнө нь өөрийгөө булчин сулрах өвчин буюу АЛС (Amyotrophic Lateral Sclerosis) туссан болохыг зарлаж байсан юм. Түүний нас барсан тухай People сэтгүүл 2-р сарын 20-ны өдөр мэдээлэв. Алдарт жүжигчин 2-р сарын 19-ний Пүрэв гарагт амьсгал хураажээ.
“Эрик Дэйн АЛС өвчинтэй чин зоригтойгоор тэмцсэний эцэст Пүрэв гарагийн үдээс хойш таалал төгссөнийг гүнээ харамсан мэдэгдэж байна… Тэрээр амьдралынхаа сүүлийн өдрүүдийг ойр дотны найз нөхөд, хайрт эхнэр болон түүний хувьд ертөнцийн төв байсан хоёр охин Билли, Жоржиа нарынхаа дэргэд өнгөрүүлсэн” гэж жүжигчний гэр бүлээс мэдэгдэв.
Гэр бүлийнхэн нь гашуудал тайлах хугацаанд хувийн орон зайг нь хүндэтгэхийг хүсэж, хүнд хэцүү үед нь Эрикийг дэмжиж байсан шүтэн бишрэгчдэд нь талархал илэрхийллээ. Мөн жүжигчин өвчтэй байх хугацаандаа энэхүү өвчний талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжихэд идэвхтэй оролцож байсныг онцолсон байна.
Өнгөрсөн 11-р сард Azat TV жүжигчнийг өвчтэй байх үеийн зургийг нийтэлж байсан бөгөөд тэрээр тэргэнцэр дээр суусан харагдаж байсан юм.

Жүжигчин Эрик Дэйний бүтээсэн дүрүүд
Эрик Дэйн “Charmed” (2003-2004) цувралын Жейсон Дин, “Grey’s Anatomy” (2006-2021) цувралын доктор Марк Слоан болон “Euphoria” (2019-2022) цувралын Кэл Жейкобсын дүрээр дэлхий дахинд алдаршсан.
Тэрээр цувралаас гадна олон алдартай уран сайхны кинонд тоглосон:
- “X-Men: The Last Stand” (2006)
- “Marley & Me” (2008)
- “Valentine’s Day” (2010)
- “American Carnage” (2022)
- “Bad Boys: Ride or Die” (2024) зэрэг болно.