Оман улсад зохион байгуулагдсан тэмээний гоо бүсгүйн тэмцээний үеэр амьтдад гоо сайхны мэс ажилбар хийсэн ул мөр илэрсэн тул 20 тэмээг тэмцээнээс хасжээ.
Энэ талаар “Daily Mail” хэвлэлээс эш татан Medee.news мэдээллээ. Уг шийдвэрийг тэмцээний зохион байгуулагчид болон шалгалт хийсэн малын эмч нарын дүгнэлтэд үндэслэн гаргасан байна.
Тэмээний гоо бүсгүйн тэмцээн нь Персийн булангийн орнуудад өргөн дэлгэрсэн бөгөөд бедуинчуудын соёлын өвийн чухал хэсэгт тооцогддог. Ийм төрлийн арга хэмжээнд мянга мянган амьтан оролцдог бөгөөд шагналын сан нь сая сая ам.доллароор хэмжигддэг тул уяач, эздийн дунд өрсөлдөөн маш ширүүн байдаг аж.
Зохион байгуулагчдын мэдээлснээр, Маскат хотод болсон тэмцээний үеэр зарим эзэд давуу тал олж авахын тулд хориглосон аргуудыг хэрэглэжээ. Тухайлбал, тэмээний уруулыг томруулахын тулд ботокс шахуулсан, нүүрний хувирлыг өөрчлөх зорилгоор булчин сулруулагч тарьсан, мөн бөхний хэлбэрийг засахын тулд силикон болон лав (вакс) ашигласан нь тогтоогдсон байна.
Тэмээний гадаад төрхийг хиймэл аргаар засах аливаа оролдлого нь тэмцээний дүрэмд харшлах бөгөөд үүнийг залилан мэхлэх үйлдэл гэж үзнэ гэдгийг зохион байгуулагчид онцлон анхаарууллаа.