Холливудын од Тимоте Шаламе “Оскар-2026” наадмын үеэр тайзнаас олны өмнө дооглуулж, эвгүй байдалд орсон нь цахим орчны гол сэдэв болоод байна.
Mirror сэтгүүлийн мэдээлснээр, “Marty Supreme” киноны дүрээрээ нэр дэвшсэн тэрээр шагналгүй хоцроод зогсохгүй, наадмын турш хэд хэдэн удаа эвгүй байдалд оржээ. Шоу эхлэхээс л түүний хувьд үдэш тийм ч таатай биш байх нь тодорхой болж, камерын дуранд жүжигчний сандарсан, барьц алдсан дүр төрх олон удаа өртөв.
Бүх зүйл хөтлөгч Конан О’Брайений мэндчилгээний үеэр хэлсэн “Өнөөдөр хамгаалалт урьд өмнөхөөсөө илүү чангарсан. Учир нь бидэнд дуурь болон балетын нийгэмлэгийнхэн халдаж магадгүй гэсэн мэдээлэл ирсэн” гэх хошигнолоос эхэлсэн юм. Камер жүжигчин рүү шилжихэд Шаламе суудалдаа тогтож ядан, маш эвгүй байгаа нь илт харагдаж байлаа.
Ийнхүү дооглуулах болсон шалтгаан нь түүний өмнө нь хэлсэн “Балет хэнд ч сонин биш” гэх утгатай дуулиан тарьсан яриатай нь холбоотой аж. Хожим нь найруулагч Александр Сингх тайзнаас үг хэлэхдээ түүнд хариу барьж, “Бид урлаг хүний сэтгэлийг өөрчилж чадна гэдэгт итгэдэг. Магадгүй үүнд арван жил шаардлагатай байж болох ч бид бүтээлч байдал, театр болон балетаар дамжуулан нийгмийг өөрчилж чадна” хэмээв.
Ийнхүү Шаламегийн хувьд ялалтын үдэш байх ёстой байсан энэ мөч түүний тэвчээрийг шалгасан сорилт болон хувирлаа.