Мексикт хоёр жуулчин сууж явсан агаарын бөмбөлөг осолдсон хэрэг гарлаа. “Mirror” хэвлэлийн мэдээлснээр, уг агаарын хөлөгт Их Британийн хоёр иргэн зорчиж байжээ.
Урьдчилсан мэдээллээр, агаарын бөмбөлөг өндөр хүчдэлийн шугам мөргөсний улмаас нисгэгч жолоодлого алдсан байна. Улмаар агаарын хөлөг орон сууцны хорооллын ойролцоох хөлбөмбөгийн талбайд унажээ. Ослын улмаас тухайн орчмын оршин суугчид цахилгаангүй болсон байна.
Бөмбөлөгт Лондон хотын нэг эрэгтэй, нэг эмэгтэй зорчиж байсан бөгөөд тэднийг яаралтай эмнэлэгт хүргэжээ. Эмэгтэйн биеийн байдал маш хүнд байгаа аж. Хохирогчид цахилгааны утсанд хүрсний улмаас их хэмжээний түлэгдэлт авсан байх магадлалтай байна гэж албаныхан мэдээлэв.
Мексикийн Иргэний нисэхийн холбооны агентлаг уг ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор захиргааны мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.