Table of Contents
Унтах гэдэг нь зүгээр нэг амралт биш, харин тархи хорт бодисоос цэвэрлэгдэх, дурсамж бүрэлдэх, биеийн эсүүд нөхөн сэргээгдэх биологийн чухал үйл явц юм. Тийм ч учраас хүн хоол хүнсгүйгээр нэлээд удаан амьдарч чадах ч нойргүйгээр тийм ч удаан тэсэж чадахгүй.
Энэ талаар Healthline сэтгүүлд нийтлэгджээ. Эрдэмтэд хүний биеийн тэсвэр хатуужлын хязгаарыг тогтоохын тулд нойргүйдлийн үр дагаврыг хэдэн арван жилийн турш судалж байна.
Хамгийн удаан унтаагүй тохиолдол
Баримтжуулсан хамгийн алдартай тохиолдол 1964 онд бүртгэгджээ. Тухайн үед 17 настай америк залуу Рэнди Гарднер нэгэн туршилтын хүрээнд 11 хоног 25 минутын (264 цаг) турш унтаагүй байна.
АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн (NCBI) эрүүл мэндийн үзлэгээр, туршилт дууссаны дараа залуугийн биед нөхөж баршгүй физик хохирол учраагүй ч танин мэдэхүйн чадвар нь эрс муудсан байжээ. Үүний дараа Гиннесийн дэлхийн дээд амжилтын ном ийм төрлийн туршилтыг хүний эрүүл мэндэд хэтэрхий аюултай гэж үзэн, цаашид энэ төрлийн амжилтыг бүртгэхээс татгалзсан байна.
Гурван хоног унтахгүй байхад тархинд юу тохиолддог вэ?
Эхний 24-48 цагт ядаргаа мэдрэгдэж, анхаарал сарних, уур уцаартай болох зэрэг шинж тэмдэг илэрдэг бол 72 цагаас (3 хоног) хойш илүү ноцтой өөрчлөлтүүд эхэлдэг байна.
Мэдрэл судлалын шинжилгээнүүдээс үзэхэд гурав дахь хоногоос:
- Хий юм харах, сонсох (hallucinations) шинж тэмдэг илэрнэ;
- Паранойя буюу бусдыг хардаж сэрдэх, бодит байдлыг мэдрэх чадвар алдагдана;
- Тархи өөрийн хяналтгүйгээр хэдхэн секундийн турш унтрах буюу “бичил нойр” (microsleep) үүснэ.
Эрдэмтдийн тайлбарласнаар, энэ нь сэтгэл хөдлөл болон учир шалтгааныг тунгаах тархины хэсгүүдийн холбоос алдагдсантай холбоотой аж. Ингэснээр хүн нөхцөл байдлыг зөв үнэлэх чадваргүй болдог байна.
Нойргүйдэл хүнийг үхэлд хүргэж чадах уу?
Эрүүл хүний хувьд зөвхөн унтахгүй байснаас болж амь насаа алдах магадлал бага. Учир нь тархи өөрийгөө хамгаалах механизмтай бөгөөд яваандаа бие организмыг албадан унтуулдаг.
Гэсэн хэдий ч анагаах ухаанд “удамшлын үхлийн нойргүйдэл” (Fatal Familial Insomnia) хэмээх ховор төрлийн генийн өөрчлөлт байдаг. Энэ өвчнөөр өвчилсөн хүмүүс унтах чадвараа бүрмөсөн алдаж, улмаар мэдрэлийн систем нь нурж үхэлд хүрдэг байна.
Мөн лабораторийн амьтад дээр хийсэн туршилтаар огт унтахгүй байх нь хэдэн долоо хоногийн дараа дархлаа болон биеийн дулаан зохицуулалт алдагдсанаар үхэлд хүргэж байжээ. Мэргэжилтнүүдийн онцолж буйгаар тогтмол нойр авах нь тархи, сэтгэц болон дархлааны системийн эрүүл мэндийн хамгийн чухал хүчин зүйл юм.