Англид дэлхийн хамгийн урт эргийн явган зам нээгдлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Natural England

Английн бүх эргийн дагуу үргэлжлэх шинэ явган аяллын зам албан ёсоор нээгдлээ. Энэхүү маршрутыг байгуулсан “Natural England” байгууллагын мэдээлснээр, зам нийт 4,327 км үргэлжлэх бөгөөд энэ нь дэлхийн хамгийн урт хамгаалалттай явган аяллын зам болж байна.

Би-Би-Си (BBC) агентлагийн мэдээлснээр, уг замыг “III Чарльз хааны нэрэмжит Английн эргийн зам” хэмээн нэрлэжээ. Энэхүү маршрут нь тус улсын далайн эргийг анх удаа тасралтгүйгээр, алхам алхмаар тойрон туулах боломжийг олгож байгаагаараа онцлог юм. Аялагчид намгархаг газар, элсэн шарлаг, элсэн манхан, хад асга бүхий эрэг болон эртний боомт хотуудаар дайран өнгөрнө. Маршрутын хамгийн үзэсгэлэнтэй хэсгүүдийн нэг нь саяхан үндэсний байгалийн нөөц газрын статус авсан Зүүн Сассекс дахь “Долоон эгч дүүс” (Seven Sisters) хэмээх шохойлог цагаан хад юм.

Уг замын зарим хэсэг өмнө нь байсан ч 1,600 гаруй км замыг шинээр засаж, олон хэсгийг шинэчлэн сайжруулжээ. Саад тотгоруудыг авч хаян, модон гүүр, тавцангуудыг олноор нэмж барьсан байна. Төсөл анх Ерөнхий сайд Гордон Брауны үед эхэлсэн бөгөөд 18 жилийн хугацаанд долоон засгийн газар дамжин хэрэгжиж байна. Одоогоор замын 80 орчим хувь нь нээгдээд байгаа бөгөөд үлдсэн хэсгийг энэ оны сүүл гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. “Natural England”-ийн төслийн удирдагч Нил Констеблийн хэлснээр, замын уртаас илүүтэй түүний үзэл санаа нь чухал бөгөөд Английн аль ч эрэг дээр зогсож байгаад дуртай зүг рүүгээ хүссэн хугацаагаараа алхах боломж бүрдэж байгааг онцолсон байна.

Англид дэлхийн хамгийн урт эргийн явган зам нээгдлээ

Энэхүү цогц маршрутыг байгуулахын тулд 2009 онд Далай болон эргийн бүсэд нэвтрэх тухай тусгай хууль баталж, олон жилийн бэлтгэл ажил хийжээ. Шинэ эрхийн хүрээнд өмнө нь хаалттай байсан наран шарлагын газар, манхан, эргийн налуу газрууд олон нийтэд нээлттэй болсон юм. Мөн хөдөлгөөний хязгаарлагдмал иргэдэд зориулсан дэд бүтцийг сайжруулснаар илүү олон хүн аялах боломжтой болжээ. Гэсэн хэдий ч зарим хэсэгт аялагчид үндсэн замаас түр хазайх шаардлага гардаг бөгөөд жишээ нь, баруун хойд хэсэгт Мерси голыг гатлага онгоцоор гатлах шаардлагатай байдаг.

Маршрутыг байгуулахдаа уур амьсгалын өөрчлөлт, далайн түвшний өсөлт болон хур тунадасны хэмжээг тооцоолжээ. Хуулинд эргийн зурвас элэгдэж идэгдсэн тохиолдолд замыг эх газар руу шилжүүлэн байрлуулах заалтыг анх удаа тусгаж өгсөн байна. Ингэснээр ирээдүй хойч үедээ энэхүү замыг хэвээр үлдээх боломж бүрдэж байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй