Кевин Спейси бэлгийн хүчирхийллийн хэргээр дахин шүүхээс мултарлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Кевин Спейси

Холливудын нэрт жүжигчин, “Оскар”-ын хоёр удаагийн шагналт Кевин Спейси Их Британид түүний эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж нэхэмжлэл гаргасан гурван эрэгтэйтэй шүүхээс гадуур тохиролцож чаджээ. Ингэснээр тэрээр бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой шинэ шүүх хэлэлцүүлгээс зайлсхийж байна. Энэ тухай BBC агентлаг мэдээллээ.

Өдгөө 34 настай жүжигчин Руари Кэннон болон нэрээ нууцалсан өөр хоёр эрэгтэй Лондонгийн Дээд шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаад байсан юм. Тэд Спейсиг 2000-2015 оны хооронд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгасан бол 66 настай жүжигчин уг зэмлэлийг эрс няцаасаар ирсэн билээ.

Шүүгч Кристина Ламберт өнгөрсөн арваннэгдүгээр сарын сонсголоор хэргийг энэ оны аравдугаар сард хэлэлцэхээр товлоод байв. Гэвч талууд “нууц гэрээний нөхцөлийг харилцан зөвшөөрсөн” тул гуравдугаар сарын 13-нд шүүх ажиллагааг зогсоосон тухай Press Association агентлаг гуравдугаар сарын 19-нд мэдээллээ. Спейси болон нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан хэлэлцээрийн дэлгэрэнгүй мэдээлэл нууц хэвээр үлджээ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Спейсигийн эсрэг бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй холбоотой олон нэхэмжлэл гарч байсан ч тэрээр нэг ч удаа ял сонсож байгаагүй юм. 2023 оны долоодугаар сард Лондонгийн шүүхийн тангарагтны бүрэлдэхүүн түүнийг дөрвөн эрэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх есөн зүйл ангит хэрэгт гэм буруугүй гэж үзсэн. Жүжигчин тухайн үед бүх үйлдлийг харилцан зөвшөөрсний үндсэн дээр хийсэн, ямар нэг хүчирхийлэл болоогүй гэж мэдүүлж байв.

Лондонгийн шүүх хурал нь Кевин Спейсигийн эсрэг үүсгэсэн, шүүхэд хүрсэн гурав дахь хэрэг байв. Тэрээр өмнөх хоёр тохиолдолд мөн ялалт байгуулсан юм. Тухайлбал, 2022 оны аравдугаар сард Нью-Йорк хотноо жүжигчин Энтони Рэппийн гаргасан нэхэмжлэлийн дагуу болсон шүүх хуралд ялсан. Мөн 2019 оны зун Массачусетс мужийн шүүхээр 18 настай залууд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргийг хэлэлцсэн ч яллагч тал нотлох баримт хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсоноор хэрэг хэрэгсэхгүй болж байжээ.

Жүжигчин өөрийг нь буруутгаж буй эдгээр үйлдлүүдийг 2017 оноос эхэлсэн зохион байгуулалттай дайралт, түүний амжилттай карьерыг үгүй хийх гэсэн оролдлого гэж үздэг. Гэвч тэрээр үүний ард хэн байгаа, ямар ашиг сонирхолтой талаар тодорхой тайлбар өгөөгүй юм.

Кевин Спейси нь “American Beauty”, “The Usual Suspects” киноны дүрээрээ “Оскар”-ын шагнал хүртсэнээс гадна “Se7en”, “L.A. Confidential”, “Baby Driver” болон Netflix-ийн “House of Cards” цувралаараа үзэгчдийн эчнээ танил болсон алдарт жүжигчин билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй