Монголын Говь цөлийн Ухаа толгодоос палеонтологичид нэг сантиметр орчим урттай, маш сайн хадгалагдсан эртний хөхтөн амьтны араг ясыг илрүүлжээ. Судлаачдын үзэж буйгаар энэхүү олдвор нь Цэрдийн галавын сүүл үед амьдарч байсан “бичил хөхтөн” (micro-mammals)-ий эртний төлөөллийн нэг аж.
Олдворын онцлог нь гавлын яс, үе мөчний бүтцүүд бараг бүрэн бүтнээрээ хадгалагдсан явдал бөгөөд Мезозойн эриний амьд ертөнцийн олон янз байдлыг судлахад чухал эх сурвалж болж байна. Үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн оршиж байсан эдгээр бичил амьтдын бүтэц ийнхүү бүрэн илэрсэн нь шинжлэх ухаанд үнэтэй нэмэр болохыг онцолжээ.
Америкийн Байгалийн түүхийн музейн мэдээлснээр, ердөө нэг сантиметр хэмжээтэй араг яс булчин, зөөлөн эдийн ул мөртэйгөө хадгалагдсан нь Цэрдийн галавын олдворуудын хувьд маш ховор тохиолдолд тооцогдож байна. Гадаад төрхөөрөө сохор номинтой төстэй энэ амьтныг Мезозойн эриний шавьж идэшт “иш хөхтөн” (stem-mammal) ангилалд хамааруулжээ.
Олдвор бүрэн хадгалагдсан нөхцөл:
- Хүчтэй элсэн шуурганы үеэр даруулсан
- Нарийн ширхэгтэй хуурай элсэнд даруй булшлагдсан
- Гадаад орчны нөлөөллөөс хамгаалагдсан
Энэхүү олдвор нь эрс тэс уур амьсгалтай Говийн орчинд амьд биетүүд хэрхэн дасан зохицож байсныг харуулах нотолгоо болж байна. Одоогоор судлаачид “Micro-CT” технологи ашиглан чулуулгийг нэвт шинжилж, нэг сантиметр урттай араг ясны дижитал 3D загварыг гарган судалгаагаа үргэлжлүүлж байна.