Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улс “ялагдал” хүлээсний дараа АНУ-ын “хамгийн том дайсан” бол Ардчилсан нам хэмээн мэдэгдэв.
Medee.news-ийн мэдээлснээр, Цагаан ордны тэргүүн өөрийн Truth Social олон нийтийн сүлжээндээ ийнхүү бичжээ. Тэрээр “Одоо Иран улс мөхсөн тул Америкийн хамгийн том дайсан бол хэт зүүн үзэлт, туйлын чадваргүй Ардчилсан нам болоод байна! Энэ асуудалд анхаарал хандуулсанд баярлалаа” гэж тэмдэглэсэн байна.
Өнгөрсөн бямба гарагт Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын цөөнхийн бүлгийн дарга Хаким Жеффрис (Нью-Йорк муж) мэдэгдэл хийхдээ “Трамп Иранд цохилт өгөх зөвшөөрлийг Конгрессоос аваагүй” гэдгийг онцолсон юм.
Хууль тогтоогч Жеффрис засаг захиргаанаас ард түмэн болон Конгресст хандан яаралтай тайлбар хийж, байлдааны ажиллагаа эхлүүлсэн үндэслэлээ танилцуулахыг шаарджээ. Түүнчлэн үндэсний аюулгүй байдлын зорилтуудаа тодорхойлж, Ойрхи Дорнодод “ээлжит удаан үргэлжилсэн мөргөлдөөн” гарахаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулахыг хүссэн байна.