“Баффи – цус сорогчийн ангууч” цувралын од Николас Брендон 54 насандаа таалал төгслөө

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Николас Брендон

“Баффи – цус сорогчийн ангууч” (Buffy the Vampire Slayer) цувралын Ксандер Харрисын дүрээр үзэгчдийн танил болсон Америкийн жүжигчин Николас Брендон таалал төгсжээ.

Түүний гэр бүлийнхэн жүжигчний Facebook хуудсаар дамжуулан энэхүү харамсалтай мэдээг дуулгасан байна. Жүжигчин 3 дугаар сарын 20-ны өдөр Сан-Франциско хотноо 54 насандаа амьсгал хураажээ. Нас барсан тодорхой шалтгааныг зарлаагүй ч ар гэрийнхэн нь түүнийг унтаж байхдаа жам ёсоор таалал төгссөн хэмээн мэдэгдэлдээ дурдсан байна.

“Бид өөрийн ах, хүү Николас Брендоныг таалал төгссөнийг гүнээ харамсан мэдээлж байна. Тэрээр унтаж байхдаа жам ёсоор насан эцэслэсэн” гэж гэр бүлийнхэн нь бичжээ.

Талийгаачийн төрөл төрөгсөд өөр нэмэлт тайлбар өгөөгүй бөгөөд энэхүү хүнд цаг үед тэдний хувийн орон зайг хүндэтгэхийг хүссэн байна.

Николас Брендон
Николас Брендон / © instagram.com/nicholasbrendon

Николас Брендон жүжигчний гараагаа 1993 онд эхлүүлж байсан бөгөөд “Баффи – цус сорогчийн ангууч” цувралын дүр нь түүнийг алдар нэрд хүргэсэн юм. Тэрээр үүнээс хойш хэд хэдэн бүтээлд тоглосон ч өмнөх шигээ амжилт олж чадаагүй билээ. Гэр бүлийнхнийх нь хэлснээр тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдийг уран зураг, урлагт зориулсан байна.

Сануулахад, саяхан Америкийн жүжигчин, тулааны урлагийн мастер Чак Норрис таалал төгссөн билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй