Tesla компани SpaceX болон xAI-тай хамтран дэлхийн хамгийн том хагас дамжуулагч буюу чип үйлдвэрлэх үйлдвэрийг барихаар болсноо X (хуучнаар Twitter) хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Medee.news-ийн мэдээлснээр, зөвхөн “Optimus” хүмүүн дүрст роботуудад 100-200 ГВт-ын хүчин чадал шаардлагатай байгаа бол нарны эрчим хүчээр ажилладаг хиймэл оюун ухаант (AI) хиймэл дагуулуудыг сансарт хөөргөхөд дахин хэдэн тераватт чадал хэрэгтэй байгаа аж.
“Энэ нь өнөөдөр дэлхийн бүх чип үйлдвэрлэгчдийн нийт хүчин чадлаас ч их, бүр 2030 он гэхэд хүрч чадахгүй тийм өндөр үзүүлэлт юм” гэж Tesla компани онцолсон байна.
Илон Маскын хэлснээр, уг төслийн зорилго нь жилд нэг триллион ватт тооцоолох хүчин чадалд хүрэхэд оршиж байгаа аж. АНУ-ын нийт цахилгаан эрчим хүчний сүлжээ ердөө 0.5 ТВт чадалтай тул энэхүү асар их чадлын дийлэнх хэсгийг сансарт байршуулах шаардлагатай гэж тэрээр тайлбарлажээ. Харин хагас дамжуулагчийн үйлдвэр нь Техас мужийн Остин хотод үйл ажиллагаагаа явуулна.
“Миний мэдэж байгаагаар дэлхийн хаана ч үүнтэй адилтгах зүйл байхгүй. Бид тооцоолох техник дэх физикийн хязгаарыг давах гэж байна. Маш олон итгэмээргүй, галзуу зүйлсийг туршиж үзэх болно” гэж бизнесмэн эр онцолсон байна. Энэхүү үйлдвэрт логик чип, санах ой болон чипний багц угсралтыг (packaging) нэг дор гүйцэтгэх аж.
Төслийн урьдчилсан өртөг 25 тэрбум ам.доллар бөгөөд жилд 100-аас 200 тэрбум ширхэг хиймэл оюун ухаан болон санах ойн чип үйлдвэрлэх зорилт тавьжээ. Хэрэв “Terafab” төсөл амжилттай хэрэгжвэл Tesla, SpaceX болон xAI компаниуд дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч TSMC-ийн хүчин чадлын төлөө Microsoft, Google, Amazon зэрэг аваргуудтай өрсөлдөх шаардлагагүй болно гэж Forbes сэтгүүл тэмдэглэжээ.