Кремльд Чингис хааны удмынхны үзэсгэлэн нээгдэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Чингис хааны удмынхан ба оросууд

Москва хотын Кремлийн музейд 2026 оны гуравдугаар сарын 19-ний өдөр “Чингис хааны удмынхан ба оросууд” нэртэй томоохон үзэсгэлэн албан ёсоор нээгдлээ. Энэхүү арга хэмжээ нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины 2026 оныг “Ард түмний эв нэгдлийн жил” болгон зарласантай уялдаж, мөн Кремлийн музейн 220 жилийн ойд зориулсан онцлох үйл явдал болж байна.

ОХУ-д Их Монгол Улсыг үндэслэгч Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн анхны албан ёсны үзэсгэлэн гэдгээрээ онцлог энэ арга хэмжээг Кремлийн ордны Успескийн хонхот цамхаг, Патриархын цогчин сүмийн танхимд дэлгэжээ. Кремлийн музейн ерөнхий захирал Елина Гагарин нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, уг үзэсгэлэн нь Чингис хаан болон түүний удмынхны Орос оронтой холбогдох олон талт түүхийг илэрхийлсэн, 150 гаруй хосгүй үнэт дурсгалаас бүрдсэн болохыг онцолсон байна.

Кремльд Чингис хааны удмынхны үзэсгэлэн нээгдэв

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун оролцож, Чингис хааны байгуулсан эзэнт гүрэн Евро-Азийн өргөн уудам нутагт улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, цэргийн урлагийн харилцаа солилцоог хөгжүүлсэн түүхэн ач холбогдлыг тодотгожээ. Мөн тэдгээр харилцаа нь тухайн үеийн олон улсын дэг журам, соёл иргэншлийн хөгжилд гүнзгий нөлөө үзүүлсэн болохыг дурдсан байна.

Үзэсгэлэнд дараах байгууллагуудын сан хөмрөгөөс бүрдсэн 150 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлж байна:

  • Москвагийн Кремлийн музей
  • “Эрмитаж”
  • Улсын түүхийн музей
  • Ш.Маржанигийн соёлын сан
  • Санкт-Петербург дэх Үндэсний номын сан
  • Оросын музей болон бусад 10 гаруй байгууллага
Кремльд Чингис хааны удмынхны үзэсгэлэн нээгдэв

Эдгээр үзмэр нь Монголын эзэнт гүрэн, Алтан Ордын үеийн түүхтэй холбоотой бөгөөд Чингис хааны удмынхантай шууд холбогдох үнэт өвүүдийг анх удаа өргөн хүрээнд толилуулж буйгаараа онцлог юм. Үзэсгэлэн нь Оросын түүх бичлэгт Монголын эзэнт гүрний гүйцэтгэсэн үүрэг, харилцааны шинэ өнцгийг судлах боломжийг нээж өгч байна.

“Чингис хааны үр сад: Орос орон ба дэлхий дахин” үзэсгэлэн ирэх долоодугаар сарын 19-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд олон нийтэд зориулсан лекц, тайлбарт аялал, боловсролын хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Кремльд Чингис хааны удмынхны үзэсгэлэн нээгдэв

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй