Hyundai компани хүүхэд амиа алдсан хэрэгтэй холбогдуулан 70 мянга орчим автомашинаа эргүүлэн татаж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Hyundai

Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч Hyundai Motor компани АНУ болон Канадын зах зээлээс 69,060 ширхэг гурван эгнээ суудалтай SUV (sport utility vehicle – спорт загварын жийп) автомашинаа эргүүлэн татахаар боллоо. Энэхүү шийдвэр нь автомашины хоёр болон гуравдугаар эгнээний суудал хүн эсвэл ямар нэгэн зүйлд хүрэх үед эвхэгдэх үйлдлийг зогсоох ёстой аюулгүйн системд согог илэрсэнтэй холбоотой юм.

The Wall Street Journal хэвлэлийн мэдээлснээр, тус компани 2026 оны Palisade загварын Limited болон Calligraphy цувралын автомашинуудыг эргүүлэн татах тухай хүсэлтээ АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний газарт (NHTSA) хүргүүлжээ. Цахилгаан удирдлагатай арын суудал хүн хавчсан тохиолдлууд бүртгэгдэж, үүний улмаас нэг бага насны хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсны дараа Hyundai компани АНУ дахь борлуулалтаа зогсоох тушаал гаргасан байна.

Цагдаагийн тайланд дурдсанаар, уг харамсалтай хэрэг 3 дугаар сарын 7-ны өдөр Огайо мужид гарчээ. 2026 онд үйлдвэрлэгдсэн Palisade автомашины автомат суудал хүүхдийг хавчиж, амьсгал нь боогдсон тухай дуудлагын дагуу цагдаа нар газар дээр нь ажилласан байна.

Өнгөрсөн оны наймдугаар сарын дундаас энэ оны 3 дугаар сарын 9-ний хооронд тус компанид Palisade загварын суудалтай холбоотой нийт 17 гомдол иржээ. Үүнээс дөрвөн зорчигч хөнгөн гэмтэл авсан байна.

Hyundai компанийн зүгээс 3 дугаар сарын сүүлч гэхэд суудлын систем саад тотгорыг мэдрэх хариу үйлдлийг сайжруулах програм хангамжийн шинэчлэл хийж, аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээнүүд авна гэдгээ мэдэгдлээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй