Ойрх Дорнодын бүс нутагт үүссэн хурцадмал нөхцөл байдалтай холбогдуулан эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр 2026.03.24-ний өдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр гадаад орчны эрсдэлийг дүгнэхдээ Монгол Улсын гол худалдааны түншүүд болох БНХАУ, ОХУ-тай холбоотой харилцаанд илүү их нөлөөлөл үүсэх магадлалтайг онцолсон байна.
Харин Ойрх Дорнодын орнуудтай хийдэг худалдаанд үзүүлэх нөлөө харьцангуй бага гэж дүгнэжээ. Тус бүс нутагт Монгол Улс жилд 60 сая ам.долларын мах экспортолдог бөгөөд гол зах зээл нь Иран, Катар улс гэдгийг онцолсон байна.
Сайд Ж.Энхбаярын мэдээлснээр, экспортын тогтвортой байдлыг хангахын тулд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ:
- Махны экспортыг тасалдуулахгүй байлгах
- Шаардлагатай тохиолдолд шинэ зах зээлд шилжүүлэх
- Экспортын урсгалыг төрөлжүүлэх
Түүнчлэн Монгол Улс Ойрх Дорнод руу нийт 64 нэр төрлийн бүтээгдэхүүн экспортолдог бөгөөд энэ нь нийт экспортын 0.42 хувийг эзэлж байна. Харин тус бүс нутгаас 8.8 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолдог нь эдийн засгийн хувьд хамаарал бага байгааг илтгэж буй юм.
Монгол малын махны чанар, нэр хүнд Ойрх Дорнодын зах зээлд өндөр үнэлэгддэг, эрэлт тогтвортой хэвээр байгаа тул ноцтой эрсдэл үүсэхгүй гэж урьдчилсан байдлаар тооцоолж байгааг сайд мэдээлэлдээ дурдсан байна.