Дэлхийн хамгийн урт сормуустай эмэгтэй: Тэр ямар харагддаг вэ?

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ю Цзянься

Гиннесийн дэлхийн амжилтын номоос Хятадын иргэн Ю Цзяньсягийн гайхалтай амжилтыг дахин онцоллоо. Тэрээр дэлхийн хамгийн урт сормуустай хүн гэх амжилтыг олон жилийн турш эзэмшиж байгаа юм.

Түүний амжилтыг анх 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр албан ёсоор бүртгэж байжээ. Тухайн үед түүний зүүн нүдний дээд зовхины хамгийн урт сормуус 12.4 см байв. Гэвч сормуус нь цаг хугацааны эрхээр ургасаар байсан бөгөөд 2021 оны 5 дугаар сард амжилтаа шинэчлэхэд сормуусны урт нь хэдийнэ 20.5 см-т хүрсэн байна.

Ю Цзянься сормуус нь ер бусын хурдтай ургаж байгааг анх 2015 онд анзаарчээ. Түүнээс хойш сормуус нь тасралтгүй уртссаар байгаа аж. Тэрээр үүнд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар олохоор эмч нарт хандсан боловч мэргэжилтнүүд ийм үзэгдэл юунаас болсныг тодорхойлж чадаагүй байна. Генетикийн хүчин зүйл ч батлагдаагүй бөгөөд түүний гэр бүлд ийм онцлогтой хүн байхгүй гэнэ.

Дэлхийн хамгийн урт сормуустай эмэгтэй 20.5 см амжилт тогтоов

Амжилтын эзэн өөрөө үүнийг зүгээр нэг тохиолдол биш гэж үзэж байна. Тэрээр сормуусаа өөрт нь ирсэн өвөрмөц “бэлэг” хэмээн бэлгэшээдэг бөгөөд үүнийгээ ууланд удаан хугацаагаар байхдаа олж авсан бясалгал, дотоод сэтгэлийн туршлагатайгаа холбон тайлбарладаг байна.

Сормуус нь итгэмээргүй урт боловч өдөр тутмын амьдралд нь ямар ч хүндрэл учруулдаггүй аж. Харин ч нүүр будалтыг хөнгөвчилж, нүдний харандаа эсвэл тень хэрэглэх шаардлагагүй болгодог тухай тэрээр ярьжээ.

“Миний өдөр тутмын амьдралд сормуус минь ямар нэгэн зовлон, саад болдоггүй. Харин ч маш их баяр баясгалан авчирдаг. Зөвхөн баяр баясгалан л мэдэрдэг дээ” хэмээн Ю Цзянься хуваалцсан юм.

Тэрээр өөрийн энэхүү онцлогоороо бахархдаг бөгөөд бусад хүмүүст ч гэсэн өөрийнхөө дахин давтагдашгүй байдлыг хүлээн зөвшөөрч, хайрлах урам зориг өгөхийг хүсдэг байна. Тэрээр ирээдүйд байгалийн гоо үзэсгэлэнгийн төрөлд шинэ амжилтуудыг тогтоох мөрөөдөлтэй ажээ.

Дэлхийн хамгийн урт сормуустай эмэгтэй 20.5 см амжилт тогтоов

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй