БНХАУ-д өөрийн тэжээвэр нохойгоор “хөдөлгүүр” хийж, дугуй унаж буй эрийн бичлэг цацагдсан нь олны дунд ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Энэ талаар South China Morning Post сонин мэдээллээ.
Бичлэгт харагдсанаар, цахилгаан дугуйны аккумуляторыг (зай) авч хаясан байх бөгөөд суудлынх нь доор голден ретривер үүлдрийн нохойг уяагаар бэхэлж, гүйлгэж байжээ. Нохойд хошуувч зүүсэн байсан төдийгүй эрэгтэй гартаа модон саваа барьж, амьтныг хурдлуулахаар хатгаж буй нь анзаарагдсан байна.
Цагдаагийн ажилтнууд түүнийг хууль бусаар өөрчилсөн тээврийн хэрэгсэл ашигласан үндэслэлээр саатуулсан боловч тухайн этгээдийн хувийн мэдээлэл болон нохойн биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Сонирхолтой нь, Хятадын одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомжид амьтны хүчээр явдаг тээврийн хэрэгслийг зохицуулах заалт байдаггүй бөгөөд тэжээвэр амьтантай зүй бус харьцахыг шууд хориглосон тусгай хууль байдаггүй аж.
Энэхүү үйлдэл нь цахим орчинд маш том эсэргүүцэлтэй тулгарлаа. Олон хэрэглэгчид эрэгтэйг буруутгаж, нохойг өрөвдөн, ялангуяа гүйж байх үед нь хошуувч зүүсэн нь амьтны эрүүл мэндэд хортойг онцолжээ. Мөн зарим хүмүүс ийм хийцтэй тээврийн хэрэгсэл нь эргэн тойрныхонд ч аюултай гэдгийг сануулсан байна.