Цахим орчинд “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэх хуурамч зар байршуулж, иргэдийг олон удаагийн үйлдлээр залилсан этгээдэд шүүхээс зохих шийтгэлийг нь оноожээ. Иргэн Д нь 2018-2020 оны хооронд нийт 89 удаагийн үйлдлээр иргэдэд 39 сая төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Монгол Улсын шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг үндэслэн гэм буруутайд тооцож, таван жилийн хугацаагаар хорих ял оноож шийдвэрлэв.
Залилагчдын ашигладаг түгээмэл аргуудаас дурдвал:
- “Визийг маш хурдан, хямд зардлаар баталгаатай гаргана” гэх амлалт өгөх;
- Тухайн улсад очиход нь ажлын байр болон орон сууц бэлэн байгаа мэтээр итгүүлэх;
- Цахим орчинд хуурамч зар сурталчилгаа идэвхтэй байршуулах.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр сүүлийн хоёр жилийн хугацаанд визтэй холбоотой 235 залилангийн хэрэг бүртгэгдсэн байна. Зөвхөн энэ оны эхний хоёр сарын байдлаар л гэхэд 11 гэмт хэрэг бүртгэгдсэн нь энэ төрлийн залилан буурахгүй байгааг илтгэж байна. Иймд иргэдийг гадаад улсын виз мэдүүлэхдээ зөвхөн албан ёсны Элчин сайдын яам, Консулын газар болон эрх бүхий виз мэдүүлэх төвүүдэд хандахыг цагдаагийн байгууллагаас онцгойлон сэрэмжлүүллээ.