АНУ-ын арми цэрэгт элсэх насны дээд хязгаарыг 42 болгон нэмэгдүүлж, ял шийтгэлтэй иргэдийг элсүүлэх журмаа хөнгөвчлөхөөр боллоо. Энэ тухай армийн шинэчлэгдсэн 601-210 журамд тусгагдсаныг Пентагоны албан ёсны “Stars and Stripes” сонин мэдээллээ.
Өмнө нь армид элсэх насны дээд хязгаар 35 байсан бөгөөд зөвхөн онцгой тохиолдолд тусгай зөвшөөрлөөр ахимаг насны иргэдийг авдаг байв.
Журмын өөрчлөлт үүгээр зогсохгүй. Одоо марихуан хадгалсан хэргээр нэг удаа ял шийтгүүлж байсан иргэд тусгай зөвшөөрөл авах шаардлагагүйгээр цэргийн албанд орох боломжтой болж байна. Өмнө нь ийм төрлийн ял шийтгэл нь цэрэгт элсэхэд албан ёсоор хориг болдог байсан ч амьдрал дээр зөвшөөрөл олгох замаар элсүүлдэг байжээ.
Армийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, энэхүү шинэ бодлого нь цэргийн албаны стандартыг АНУ-ын Батлан хамгаалах яамны ерөнхий шаардлагад нийцүүлэх зорилготой аж.
Насны дээд хязгаарыг өөрчилснөөр АНУ-ын арми Агаарын хүчин, Сансрын хүчин болон Эргийн хамгаалалтын албатай (эдгээр алба 42 нас хүртэлх иргэдийг авдаг) нэг эгнээнд шилжиж байна. Харин Тэнгисийн цэрэг 41 нас хүртэл, Тэнгисийн явган цэргийн корпус 28 нас хүртэлх иргэдийг элсүүлдэг хэвээр байна.
RAND аналитик төвийн судалгаагаар ахимаг насны элсэгчид цэргийн албанд илүү сайн үр дүн үзүүлдэг болох нь тогтоогджээ. Тухайлбал, 25-35 насны элсэгчид бэлтгэлийн эхний шатанд залуучуудаас 15 хувиар бага “унадаг” (dropout) бөгөөд анхны гэрээний хугацаа дууссаны дараа албаа үргэлжлүүлэн хаах магадлал нь 6 хувиар илүү байдаг аж. Иймд тус төвөөс 2023 онд элсэгчдийн тоог нэмэгдүүлэхийн тулд насны дээд хязгаарыг өсгөх санал гаргаж байсан юм.
АНУ-ын арми насны хязгаарыг өмнө нь ч өөрчилж байсан түүхтэй. 2006 онд Ирак, Афганистаны дайны үеэр бие бүрэлдэхүүнээ нөхөх шаардлагаар насны хязгаарыг 42 болгож байсан бол 2016 онд эргүүлэн 35 болгон бууруулж байжээ.