Холимог тулааны UFC холбооны хоёр жингийн аварга асан, Ирландын алдарт тулаанч Конор Макгрегор допингийн дүрэм зөрчсөний улмаас эрхээ хасуулаад байсан ч их спортод эргэн ирж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.
Тэрээр энэ тухайгаа өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан “Цуу яриа батлагдлаа! ‘Мистер Итгэл’ (Mr. Confidence) тулааны спортыг дахин аврахаар эргэн ирж байна!” хэмээн бичжээ.
Өдгөө 37 настай Макгрегор холимог тулааны замналдаа 22 ялалт байгуулж, 6 удаа ялагдал хүлээсэн үзүүлэлттэй. Тэрээр өмнө нь тус холбооны хагас хөнгөн болон хөнгөн жингийн аваргын бүсийг нэгэн зэрэг эзэмшиж байсан түүхтэй.
Сануулахад, Макгрегор 2024 онд допингийн хяналтын шалгалтад гурван удаа оролцоогүй тул түүнийг дүрэм зөрчсөнд тооцож, 18 сарын хугацаагаар тулалдах эрхийг нь хасаад байсан юм. Уг шийтгэлийн хугацаа 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болжээ. Ийм төрлийн зөрчилд стандарт ёсоор хоёр жилийн эрх хасах шийтгэл ногдуулдаг боловч хэд хэдэн хөнгөвчлөх нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүний шийтгэлийн хугацааг богиносгосон байна.