Америкийн нэгэн эмэгтэй хүний хүүхэд хулгайлж, өөрийн хүүгээсээ уучлалт гуйхыг албадсан хэрэг гарсан тухай ABC4 суваг мэдээллээ.
Юта мужийн Прово хотын оршин суугч, 40 настай Шеннон Мари Туфугад 11 настай хүүг барьцаалсан болон насанд хүрээгүй хүүхэдтэй зүй бусаар харьцсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Хэргийн материалд дурдсанаар, 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Туфуга өөрийнх нь хүүг дээрэлхдэг гэж сэжиглэсэн хүүг зориуд хайж явжээ.
Тэрээр дугуй унаж явсан хүүг хараад, машиныг нь замын дунд хааж зогсоон, хүчээр суулгасан байна. Улмаар эцэг эхийнх нь зөвшөөрөлгүйгээр хүүг гэртээ аваачиж, хүүгээсээ уучлалт гуйхыг шаарджээ. Мөрдөн байцаалтын явцад тогтоогдсоноор, хүүг уучлалт гуйсны дараа эмэгтэй түүнийг “нөхөртөө зодуулна” хэмээн заналхийлсэн байна.
Үүний дараа Туфуга хүүг гэрт нь хүргэж өгсөн боловч энэ үйл явдал хүүгийн сэтгэл зүйд маш хүндээр тусжээ. Хүүд сэтгэл түгших хүчтэй хам шинж илэрч, өдөр тутмын хэв маягаа бүрэн өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн байна.