Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ын дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт орон даяар дадлага сургууль зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд маргааш буюу пүрэв гарагийн 15:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио орон нутгийн цагаар дуугарах тул иргэдийг айж сандралгүй, бэлэн байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Уг арга хэмжээ нь гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдлыг шалгах өндөр ач холбогдолтой юм.
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар нийт гурван удаагийн дуут дохио дамжуулна. Иргэд дохио тус бүрт дараах зааврыг дагаж мөрдөх шаардлагатай:
- Нэг дэх дохио: “Суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримтална. Хэрэв та гудамжинд явж байвал гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга байгууламжаас холдож биеэ хамгаалан сууна. Автомашинтай зорчиж байгаа бол замаас гарч, тээврийн хэрэгслээ унтраан түр хүлээнэ.
- Хоёр дахь дохио: Яарч сандралгүйгээр “Гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээр баруун гар талаа барьж нэгийн цуваанд орно. Энэ үед цахилгаан шат ашиглахгүйгээр аюулгүй талбайд цугларах ёстой.
- Гурав дахь дохио: Өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлснээр дадлага сургуулилт өндөрлөнө.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь нь 7-8 баллын, 19.6 хувь нь 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлтийн бүсэд хамаардаг байна. Нийт хот, суурин газрын 75 хувь нь 7 ба түүнээс дээш баллын идэвхтэй бүсэд байрладаг бөгөөд хүн амын 85 хувь нь газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй орчинд амьдарч байна. Манай улсад жил бүр 20 мянга орчим жижиг чичирхийлэл бүртгэгддэг бөгөөд түүхэндээ 1905 онд Булнайн нуруунд 8 магнитуд, 1957 онд Говь-Алтай бүсэд маш хүчтэй газар хөдлөлт болж байсан нь дэлхийн томоохон хөдөлгөөнүүдийн тоонд багтдаг билээ.