Төрийн ордонд үүссэн улс төрийн гацааг тайлахын тулд МАН-ын удирдлагууд өчигдөр орой хүртэл өрөө өрөөнд уулзалт хийж, байр сууриа нэгтгэхийг оролдсон ч өнөөдрийг хүртэл эцсийн шийдвэрт хүрээгүй хэвээр байна. Хэрэв дээд түвшний тохироо бүрдсэн бол Удирдах зөвлөлийн хурлаа шуурхай зарлаж, улс төрийн шийдвэрээ нэг, хоёр хоногийн дотор гаргадаг намын дотоод жишиг энэ удаад хэрэгжсэнгүй.
Удирдах зөвлөлийн хурлыг одоо хүртэл албан ёсоор товлоогүй байгаа нь талуудын хооронд нэгдсэн ойлголцол бүрдээгүйг илтгэж байна. Ийм нөхцөлд Төрийн ордонд болсон уулзалтууд зөвхөн байр суурь солилцсон түвшинд үргэлжилж, шийдвэр гаргах шатанд очоогүй гэх дүгнэлт улс төрийн хүрээнд давамгайлж эхэллээ.
Өчигдөр МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал УИХ дахь МАН-ын бүлгийг яаралтай хуралдуулах чиглэл өгч, бүлэг шуурхай хуралдсан байна. Уг хуралд Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар оролцож, нөхцөл байдлын талаар ерөнхий мэдээлэл өгчээ.
Хурлын үеэр Н.Учрал “хэрвээ ирэх 7 хоногийн дөрөв дэх өдөр ирцээ бүрдүүлэхгүй бол би явъя” гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа өгөхгүй гэсэн байр сууриа хадгалсан бөгөөд энэ саналыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар дэмжиж, засаг тогтвортой ажиллах ёстой гэсэн байр суурь баримталжээ.
Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн өрөөнд болсон өөр нэг уулзалт ч анхаарал татав. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нарын уулзалт 14.00 цагаас эхэлж, шөнийн 23.00 цаг хүртэл үргэлжилсэн гэх мэдээлэл байна.
Эх сурвалжийн мэдээллээр уг уулзалтаар дараах хувилбарууд яригджээ:
- УИХ-ын даргын албан тушаалд өөрсдийн хүнээ томилох
- Эсвэл Засгийн газарт 2-3 сайдын суудал авах
- Хэрэв 2-3 сайдын суудал авбал Б.Энхбаяртай хамтрахгүй, оронд нь Л.Мөнхбаатарыг дэвшүүлэх
Эдгээр хэлэлцээний дундуур Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ огт оролцоогүй нь улс төрийн хүрээнд шинэ таамаг дэвшүүлэх шалтгаан болов. Сүүлийн өдрүүдэд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг “салсан” гэх яриа гарах болсон бөгөөд энэ нь бодит улс төрийн өөрчлөлт үү, эсвэл зориудын хандлага юу гэдэг нь ойрын хугацаанд тодорхой болох төлөвтэй байна.
Нөгөө талд, намын даргыг УИХ-ын даргын суудлаас Ерөнхий сайдын албан тушаал руу шилжих хувилбар яригдахтай зэрэгцэн УИХ-ын даргын дараагийн томилгоонд сонирхолтой хүмүүсийн хөдөлгөөн ч эрчимжжээ. Улс төрийн хүрээнд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нарын нэр идэвхтэй яригдаж байна.
Мөн Д.Амарбаясгалангийн талтай тохиролцоо хийгдвэл Шадар сайд асан С.Амарсайханыг УИХ-ын даргад дэвшүүлэх хувилбар өнгөрсөн долоо хоногоос эхлэн сөхөгдөж эхэлсэн байна. Иймээс цаашдын томилгоо, улс төрийн шинэ зураглал нь дарга нарын эцсийн тохирооноос шууд шалтгаалах нөхцөл бүрдээд байна.