МАН-ын Удирдах зөвлөлөөр Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг эцэслэнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Н.Учрал

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 14.00 цагт Тусгаар тогтнолын ордонд болохоор зарлагдлаа. Өчигдөр үдээс хойш Төрийн ордонд өрнөсөн МАН-ын удирдлагуудын цуврал уулзалтууд тодорхой шийдэлд хүрсэн бөгөөд уг асуудлыг УЗ-ийн хурлаар оруулж, эцсийн шийдвэр гаргахаар болсон байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын албан тушаалаа өгч, намын дарга нь Ерөнхий сайд байх дүрмийн заалтыг хэрэгжүүлэн, шинэ танхимаа бүрдүүлэхээр тохиролцсон аж. Энэхүү тохиролцооны хүрээнд УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн фракцаас 2-3 хүнийг сайдаар томилох саналыг авч хэлэлцэхээр болжээ. Түүнчлэн Н.Учрал шинэ Засгийн газраа дангаараа байгуулахгүй бөгөөд одоогийн хамтарсан засагт багтаж буй ХҮН нам болон ИЗНН-тай үргэлжлүүлэн ажиллах төлөвлөгөөгөө УЗ-дөө танилцуулах юм байна.

Гэсэн хэдий ч эрх баригч нам доторх санал зөрөлдөөн хурц хэвээр байгаа бөгөөд одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар суудлаа өгөх сонирхолгүй байгаа аж. Түүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар дэмжиж байгаа тул дээрх хувилбарууд Удирдах зөвлөлийн хурлаар дэмжигдэх, эсэх нь эргэлзээтэй байна. 2024 оны УИХ-ын сонгуулиас хойш ийнхүү хоёр дахь Засгийн газраа огцруулах асуудал яригдаж байгаа нь улс төрийн тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэйг ажиглагчид сануулж буй юм.

МАН-ын Удирдах зөвлөлийн 39 гишүүний бүрэлдэхүүнд дараах хүмүүс багтаж байна:

  • Ерөнхий сайд Г.Занданшатар
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан
  • Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар
  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
  • УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ
  • УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал
  • УИХ-ын гишүүн Х.Булгантуяа
  • УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
  • УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр
  • УИХ-ын гишүүн З.Мэндсайхан
  • УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
  • УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
  • УИХ-ын гишүүн Б.Уянга
  • УИХ-ын гишүүн Ч.Номин
  • УИХ-ын гишүүн М.Мандхай
  • УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа
  • УИХ-ын гишүүн Б. Хэрлэн
  • УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар
  • УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа
  • УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг
  • Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар
  • Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар
  • Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва
  • Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр
  • Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг
  • Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн
  • Нарийн бичгийн дарга Д.Сумьяабазар
  • Нарийн бичгийн дарга Д.Мөнхсайхан
  • Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар
  • НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин
  • СДМЭХ-ны Дэд ерөнхийлөгч Б.Жавзандорж
  • СДМЭХ-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Батцэцэг
  • Ерөнхий сайдын зөвлөх А.Энхзул

Эрх баригч намынхан нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй бол дараагийн сонгууль хүртэл УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын албан тушаалтнууд хэдэн ч удаа солигдох эрсдэл нүүрлээд байна. Удирдах зөвлөл өнөөдрийн хурлаараа эдгээр зөрчилтэй асуудлуудыг нэг талд гаргаж, улс төрийн эцсийн шийдвэрээ гаргах хүлээлттэй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй