Сүүлийн өдрүүдэд цахим орчинд гадаад улсын иргэншилтэй болсон зарим тамирчин Монгол Улсын харьяаллаа сэргээхээр хүсэлт гаргасан ч холбогдох байгууллагууд хүлээж авахгүй байгаа гэх мэдээлэл тархаад байна. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий тамирчдын иргэншлийн асуудал дахин анхаарал татав.
Тухайлбал, Германы иргэншил авч, “Бээжин-2008” олимпод тус улсын нэрийн өмнөөс өрсөлдөн хүрэл медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр, мөн Казахстаны иргэн болж, “Рио 2016” олимпын наадмаас хүрэл медаль авсан жүдоч Г.Отгонцэцэг нарыг Монгол Улсын иргэншлээ сэргээхээр хандсан ч хүсэлтийг нь хүлээж аваагүй гэх мэдээлэл цахим сүлжээнд гарсан юм.
Харин эх сурвалжийн мэдээллээр жүдоч Г.Отгонцэцэг Монгол Улсын иргэншлээ сэргээлгэх асуудлаар өнөөдрийг хүртэл албан ёсоор ямар нэг хүсэлт холбогдох байгууллагад гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, түүнийг иргэншлээ сэргээхээр хандсан гэх мэдээлэл нь үндэслэлгүй аж. Ийм агуулгатай яриа үе үе гарч байсан ч албан ёсны хүсэлт өнөөдрийг хүртэл бүртгэгдээгүй гэжээ.
Үүнээс өмнө Д.Мөнхбаярын тухайд Монгол Улсын иргэншлээ сэргээлгэхээр хандсан ч Германы иргэншлээсээ гарсан талаарх баримт бичгээ ирүүлээгүй байсан талаар мэдээлэл гарсан. Иймээс хоёр тамирчны нөхцөл байдал хоорондоо өөр байгаа нь тодорхой болж байна.
Харин Монгол Улсын иргэншил авч, “Токио-2020” зуны олимпод Монгол Улсыг төлөөлөн оролцож мөнгөн медаль хүртсэн Саид Моллай 2023 онд Монгол Улсын иргэншлээсээ татгалзаж, Азербайжан улсын иргэн болсон байна.