Цагаан ордонд тэргүүн хатагтай Мелания Трамп оролцсон арга хэмжээний үеэр Америкт үйлдвэрлэсэн хүн дүрст робот үг хэллээ. Энэхүү үйл явдал албан ёсны хүлээн авалтууд зохион байгуулдаг гол танхимуудын нэг болох Зүүн танхимд болж, ихэвчлэн улс төрчид, гадаадын төлөөлөгчид, олон нийтийн зүтгэлтнүүдийг хүлээн авдаг газар юм.
Өөрийгөө “Figure 3” хэмээн танилцуулсан робот эмэгтэй хүний хоолойгоор оролцогчдод хандан үг хэлэв. “Цагаан ордонд урьсанд баярлалаа, тэргүүн хатагтай Мелания Трамп” хэмээн тэр хэлж, хиймэл оюуны хүрээнд хүүхдийн боловсрол, аюулгүй байдлын асуудлаарх саммитад оролцож буйгаа “нэр төрийн хэрэг” гэж онцолсон.
Мөн тэрбээр “Технологи, боловсролоор дамжуулан хүүхдүүдийн боломжийг тэлэх энэ түүхэн хөдөлгөөний нэг хэсэг болж байгаадаа талархаж байна” гэж нэмж хэлсэн.
Танхимд дэлхийн удирдагчдын эхнэрүүд болон технологийн компаниудын төлөөлөгчид байлцсан бөгөөд илтгэл техникийн сааталгүйгээр явагдсан байна.
Уг роботыг Figure компани бүтээжээ. Тэр хоёр “хөл”-өөрөө танхим дундуур алхаж, илтгэлээ 11 хэл дээр мэндчилснээр өндөрлөөд Кросс-Холл коридороор гарч явсан байна.
“Figure 3, шударгаар хэлэхэд та бол Цагаан ордонд зочилж буй Америкт үйлдвэрлэсэн анхны хүн дүрст робот” хэмээн Мелания Трамп роботод ханджээ.
Тэргүүн хатагтай энэ мөчийг технологийн хөгжлийн хувьд чухал гэж үнэлж, боловсролд ашиглах өөрийн байр суурийг илэрхийлэв. “Хиймэл оюуны ирээдүй хувь хүний онцлогт тохирсон болно. Энэ нь хүний дүр төрхтэй болно. Тун удахгүй хиймэл оюун ухаан бидний гар утаснаас хүн дүрст роботуудад шилжин, хэрэгцээтэй үүргүүдийг гүйцэтгэнэ” гэж тэр хэлсэн.
Роботын илтгэл “Fostering the Future Together” санаачилгын хүрээнд зохион байгуулагдсан хоёр өдрийн саммитын хоёр дахь өдөр болсон юм. Үүнээс өмнө Мелания Трамп АНУ-ын Төрийн департаментад Сара Нетаньягу, Олена Зеленська зэрэг тэргүүн хатагтай нарыг хүлээн авч уулзсан. Түүний хэлснээр, уг уулзалтаар Meta болон OpenAI зэрэг компаниудыг оролцуулсан төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хүүхдийн сайн сайхны асуудлыг хэлэлцжээ.
Эх сурвалж: CNN